Амбан захирагч Саманта Мостин малчин айлд зочилж, Оюу толгойн уурхайтай танилцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2025-09-07 10:59:38
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын Амбан захирагч, Эрхэмсэг хатагтай Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нар есдүгээр сарын 6-ны өдөр Өмнөговь аймагт ажиллаж малчин айлд зочилж, Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагаатай танилцжээ.


Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нар Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Ц.Идэрборгилын хотонд зочилж, хөдөө нутгийн байдал, нүүдэлчин малчдын ахуй амьдралтай танилцсан байна. Малчин Ц.Идэрборгилынх Амбан захирагч Саманта Мостинд тэмээ бэлэглэжээ.






Мөн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Австралийн хөрөнгө оруулалттай Оюу толгойн уурхайн үйлдвэрлэл, бүтээн байгуулалттай танилцаж, уурхайд ажиллаж буй монгол, австрали мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцжээ


Амбан захирагч Саманта Мостин, “Оюу толгой бол зөвхөн Авcтрали болон Монгол Улс хооронд төдийгүй энэхүү уурхайг хамгийн амжилттай, хамгийн томоохон уурхайнуудын нэг болгохоор хамтран зүтгэж буй компаниуд, Монголын ард түмэн, Рио Тинто болон бусад олон инженерингийн болон уул уурхайн компаниудын түншлэлийн тод жишээ юм” хэмээн онцолсон байна.


”Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, “Амбан захирагч Саманта Мостин, түүний нөхөр Симеон Бэкэтт нарт Оюу толгойн ололт амжилтуудаа танилцуулах нь бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Бидний ололт амжилт бүр манай чадварлаг хамт олон, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийн төлөөх тууштай зорилгын маань үр шим юм. Оюу толгой Монгол Улсад урт хугацааны үнэ цэнийг бий болгох зорилгынхоо хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, хамт олон болон орон нутгийн тогтвортой хөгжилд хөрөнгө оруулж, байгаль орчноо хамгаалан, эдийн засгийн чадамжийг бэхжүүлэх чиглэлээр ажилласаар байна” хэмээжээ. 




Связанные новости