Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
delgermaa@yahoo.com
2025-09-05 08:04:08

Владивосток, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар есдүгээр сарын 5-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа.


Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч В.Путин Монголын төлөөлөгчид Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох нь Орос болон Ази-Номхон далайн түнш бусад оронтой илүү идэвхтэй хамтран ажиллахад дэмжлэг болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр улсын худалдааны эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 17 хувиар нэмэгдсэн нь хамтын ажиллагааны цар хүрээг илтгэж байгааг онцоллоо. Мөн Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүн нартай Бээжин хотноо уулзахдаа гурван талын хамтын ажиллагаа болон эрчим хүчний асуудлыг түлхүү хөндөж, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд ОХУ-ын хувьд хөрш, стратегийн түнш болох Монгол Улстай хамтран ажиллах нь ач холбогдолтой хэмээн дурдав.


Ерөнхий сайд Г.Занданшатар “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголын нутгаар тавих асуудалд дэмжлэг үзүүлсэнд Ерөнхийлөгч В.Путинд талархал илэрхийлэв. “Газпром” компанийн Удирдах зөвлөлийн дарга Алексей Миллертэй уулзахдаа  ч энэ төслийн ач холбогдлын талаар ярилцсан гэв. Энэ бол зуунд хэрэгжих том төсөл гэдгийг онцлоод Оросын нэрт эрдэмтэн Михаил Ломоносовын “Сибирь Оросыг улам хүчирхэг болгоно” хэмээн хэлснийг дурдав.


Ерөнхий сайд Г.Занданшатар 2024 онд Халх голд байгуулсан ялалтын 85 жилийн ойг хамтдаа тэмдэглэснийг онцолж, дэлхийн II дайн, Халх голын дайн болон Чөлөөлөх дайнд ялалт байгуулсан нь манай хоёр улсын хамтын ялалт гэв

Связанные новости