“Toyota” компани Чехэд цахилгаан авто машин үйлдвэрлэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 4 /Reuters/. “Toyota” компани Европт үйлдвэрлэх анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй загвараа Чех дэх үйлдвэртээ угсрахаар болсноо лхагва гарагт мэдэгдлээ. Мөн тус үйлдвэрийн цэнэг хураагуурын шинэ байгууламжид хөрөнгө оруулахаар болжээ.
Японы
авто машин үйлдвэрлэгч компани авто машины загвар болон үйлдвэрлэлийн товын талаар
дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч Колин хот дахь үйлдвэрээ өргөжүүлэхэд 680 сая еврогийн
/796 сая ам.доллар/
хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдсэн байна. Мөн Чехийн Засгийн газар цэнэг хураагуурын байгууламжид 64 сая еврогийн хөрөнгө оруулна гэж “Toyota”-гийн
мэдэгдэлд дурджээ.
Авто машины салбар нь Чехийн дотоодын
нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд “Toyota” Колин хотод цахилгаан машин үйлдвэрлэхээр шийдвэрлэсэн нь “манай улсад авто машины үйлдвэрлэлийг үргэлжлүүлэн явуулахад” чухал алхам болж байна гэж Чехийн
Ерөнхий сайд Петр Фиала мэдэгдсэн байна.
Борлуулалтын
хэмжээгээрээ дэлхийн хамгийн том авто машин үйлдвэрлэгч болж чадсан “Toyota” нь цахилгаан машины
үйлдвэрлэлийн тал дээр
өрсөлдөгч
компаниудтайгаа харьцуулахад илүү
няхуур бодлого баримталж ирсэн нь сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхий даяар цахилгаан авто машины эрэлт буурах
үед эерэг нөлөө үзүүлжээ.
Тус компани нь хамгийн том зах зээл болох АНУ зэрэг орнуудад эрэлт нь өсөн нэмэгдэж буй хос хөдөлгүүртэй загваруудынхаа ачаар ихээхэн ашигтай ажиллаж байгаа юм. Энэ оны эхээр “Toyota” 2025, 2026 онд Европт “Toyota” болон тансаг зэрэглэлийн “Lexus” брэндүүдийнхээ бүрэн цахилгаан хөдөлгүүртэй есөн загварыг гаргахаа мэдэгджээ.
Жилд 220 мянга
орчим авто машин
үйлдвэрлэх хүчин чадалтай Чехийн үйлдвэрт “Aygo X”, “Yaris Hybrid” машинуудыг үйлдвэрлэдэг.