БАЯНХОНГОР: Бага насны хүүхдүүдийн жингийн алдагдлыг нөхөх хөтөлбөр хэрэгжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-09-04 10:14:26

Баянхонгор, есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газартай хамтран “Хүүхдийн зуны түр сувилал”-ыг зуны хугацаанд ажиллууллаа.


Сувилалд жингийн алдагдалтай, хоол тэжээлийн дуталдалтай тав хүртэлх насны хүүхдүүдийг хамруулсан бөгөөд Оточномгон, Оточмандал, Энхбүрд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд түшиглэн үйл ажиллагааг явуулсан байна. Сувиллаар жингийн алдагдлыг нөхөх, суурь өвчлөлийг эмчлэх, архаг өвчлөлөөс сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, дээрх өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн хяналтад байдаг хүүхдүүдийг хамруулжээ.


Хөтөлбөрөөр жингийн алдагдалтай, хоол тэжээлийн цочмог дуталтай, өсөлт хоцрогдолтой, суурь өвчтэй хүүхдүүдийг чийрэгжүүлэх, дархлаа дэмжих, ядаргаа тайлах, тайвшруулах зорилгоор булууны ясны шөл, шар сүүнд оруулах, айргаар шавших, эд, эсүүдийг сэргээж, цусан хангамж сайжруулах, булчингийн хүч нэмэгдүүлэх зорилготой зөөлөн бариа засал, сүүн бариа, халуун тосон бариа, цэгэн бариаг хийсэн байна. Мөн хүүхдийн биеийн жин нэмэгдүүлэх зорилгоор илчлэг нэмэгдүүлсэн хоолыг батлагдсан цэсийн дагуу олгож, илчлэг, эрдэс бодис, аминдэмийг нөхсөнөөс гадна эцэг эх, асран хамгаалагч нарт хүүхдийн нэмэгдэл хоолны талаар мэдлэг олгожээ.


Энэхүү хөтөлбөрийн дагуу түр сувилалд хамруулсан хүүхдүүдийн биеийн жин долоо хоногийн хугацаанд 200-600 граммаар нэмэгдэж, чийрэгжсэн байна. Сувилалд хамрагдсан хүүхдүүдийг ар гэрийнхэн шим тэжээлтэй хоол унд бэлтгэх, эд эсийг сэргээж чийрэгжүүлэх мэдлэг, зөөлөн барианы аргуудыг сурч мэдэж авсан нь хамгийн том өгөөж болсныг зохион байгуулагчид онцолсон юм.


Сувиллыг цаашид зуны саруудад ажиллуулж байхаар төлөвлөсөн байна.

Связанные новости