Жанчхүү дахь Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолборт зочилж, хүндэтгэл үзүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЖАНЧХҮҮ, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчид 2025 оны есдүгээр сарын 2-ны өдөр Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэхээр Бээжин хотоос 250 км-ийн зайд орших Хөбэй мужийн Жанчхүү хотод хурдны галт тэргээр хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын төрийн тэргүүнийг Жанчхүү хотын галт тэрэгний буудалд БНХАУ-ын Бэлтгэл цэргийн хэрэг эрхлэх яамны дэд сайд Ма Фэйшон, Хөбэй мужийн орлогч дарга Жао Шиньхай нар угтан авав.
Үүний дараа Монголын төлөөлөгчид Жанчхүү хотоос 100 орчим км-ийн зайд орших дурсгалын
цогцолборын зүг хөдөллөө. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий
командлагч У.Хүрэлсүх тус газарт хүрэлцэн ирэхэд үлээвэр найрал хөгжимд угтах
марш эгшиглэж, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал
Ж.Болдбаатар ёслолын ажиллагаа бэлэн болсныг төрийн тэргүүнд илтгэв.
Эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх гэрэлт хөшөөний өмнө байрлуулсан цэцгийн туузыг засаад, толгой мэхийн хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа БНХАУ-ын Бэлтгэл цэргийн хэрэг эрхлэх яамны дэд
сайд Ма Фэйшон цэцэг өргөн хүндэтгэл илэрхийлэв.
Ёслолд оролцогчид нэг минут дуугүй зогсон эмгэнэл илэрхийллээ.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Жанчхүүгийн давааны тулалдааны талбарт амь үрэгдсэн Монгол, Зөвлөлтийн дайчдын бунханд хүндэтгэл үзүүлэв. Тэрбээр мөн дайчдын дурсгалд зориулсан музейд зочилж, дурсгалын зүйл гардууллаа. Дараа нь ёслолын ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүн, тэдний дотор Улаанбаатар-Жанчхүү чиглэлийн аяллаар хүрэлцэн ирсэн Батлан хамгаалахын их сургуулийн сонсогчид, багш нартай дурсгалын гэрэл зураг татуулав.
Монгол Улсын хилээс 560 км-ийн зайд орших Жанчхүүгийн даваа нь хойд талаас одоогийн Жанчхүү хот буюу хуучин монгол нэрээр
Хаалган хот /Чуулалт хаалга/
руу орох
замыг халхалсан Японы армийн гол
түшиц газар, уртаашаа 36 км, өргөөшөө 16 км үргэлжилсэн маш хүчтэй бэхлэлтийн район байлаа. 1945 оны Чөлөөлөх дайны үеэр МАХЦ-ийн хурандаа Д.Нянтайсүрэнгийн командалсан 7 дугаар хуягт бригад, Зөвлөлтийн армийн 27 дугаар мотобуудлагын бригад гурав хоног ширүүн тулалдсаны эцэст уг бэхлэлтийг сэтэлж 8 дугаар сарын 21-нд Чуулалт хаалга орчмыг чөлөөлжээ.
Дурсгалын цогцолборын тухай
Энэ тулалдааны үеэр амь үрэгдсэн Зөвлөлт-Монголын дайчдад зориулсан
дурсгалын цогцолбор нь Хятад улсын Хөбэй мужийн Жанбэй хошууны өмнөд хэсэг,
Хэйфенкоугийн баруун хэсэг дэх Ехулин уулын оройд байрладаг. Цогцолборыг анх 1945 онд барьж, 1957 онд
засварласан бөгөөд дурсгалын суварга, дурсгалын хөшөө, амь үрэгдсэн дайчдын
бунхан, үзмэрийн танхим, тойрог хана гэсэн таван хэсгээс бүрдэнэ.
Дурсгалын суварга нь 28.8 м
өндөр, нийт 396 хав.дөр. м талбай эзлэн орших ба түүний зүүн, баруун талд нь
цагаан гантиг чулуун дээр алтадсан үсгээр “Зөвлөлт-Монголын дайчдын дурсгалын
суварга” хэмээн сийлжээ.
Суваргын урд ба хойд хэсэгт БНХАУ, ОХУ, Монгол Улсын төрийн далбаа, оройн
хэсэгт нь гурван улаан таван хошуу сийлсэн байдаг нь нар, сарны гэрэлд туяаран
харагдана. Суваргын суурь хэсгийн нүүрэн талын цэнхэр өнгийн том гантиг чулуун
дээр амь үрэгдсэн дайчдын нэрсийг сийлсэн байна.
Суваргын өмнөх дурсгалын хөшөөний урт нь 5 м, өргөн нь 1.2 м, өндөр нь 2 м юм. Хөшөөний нүүрэн хэсэгт цагирагласан тариан дотор
“1945” гэсэн тоог бичсэн ба хойд хэсэгт нь дурсгалын бичээс бий. Дурсгалын суваргаас хойш 100 м-ийн зайд орших уулын орой дээр дайчдын бунхан байрлана. Бунханы өндөр 6.97
м, урт нь 6.6 м, өргөн нь 4.4 м бөгөөд түүн дотор 60 дайчны шарилыг байрлуулжээ. Дайчдын бунханы өмнө
нуман дээвэр бүхий хаалгыг барьсан байна. Хожим нь 17.73 га газарт үзмэрийн танхим, тойрог хана барьж, нарс
мод болон цэцгийн мандлыг тарьснаар иж бүрэн цогцолбор бий болжээ.
Монгол Улсаас БНХАУ-д
суугаас ЭСЯ жил бүр уг цогцолборт цэцэг өргөдөг байсан бол 2005 оноос эхлэн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын ЭСЯ-дтай хамтран уг ёслолыг зохион байгуулж
байна.
2016-2017 онд манай тал ОХУ-ын ЭСЯ-тай хамтран уг цогцолборыг засварлах ажлыг, 2025 онд засан сэргээх ажлыг тус тус гүйцэтгэжээ.