ЗАВХАН: Отгонтэнгэр уулын мөнх цас сүүлийн 20 жил 3.6 дахин багасжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-02 13:23:46

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уулын цасан бүрхүүлийн хэмжээ багасжээ.


Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул нь далайн түвшнээс дээш 4021 метрийн өндөрт оршдог.


Уулын цасан бүрхүүлийн хэмжээ 2005 онд 220.6 га байсан бол 2015 онд 46.4 га болж 10 жилийн хугацаанд 174.2 га-аар багасжээ. Хамгийн сүүлийн судалгаагаар 2024 онд Отгонтэнгэр хайрхны мөнх цас, цасан бүрхүүлийн хэмжээ 34.7 га болж багассан байна. Өөрөөр хэлбэл уулын цасан бүрхүүлийн хэмжээ сүүлийн 20 жилд 6.3 дахин багасжээ.


Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөр Монгол орны мөстөл, мөсөн голын талбай эрчимтэй багассаар байгаа талаар ЦУОШГ-аас онцгойлон мэдээлсэн юм.   


Дулаарал эрчимтэй явагдаж өндөр уулын мөнх цас, мөсөн гол их хэмжээгээр хайлаад байвал тэндээс эх авах гол мөрний урсцын хэмжээ буурдаг байна. Улмаар гол даган аж төрж буй иргэдийн амьжиргаа болон нийгэм, эдийн засагт олон тооны сөрөг үр дагаврыг бий болгодог.  


Монгол орны мөсөн голууд эрчимтэй хайлж, сүүлийн 70 жилд мөстлөгийн талбай 30 хувиар багассан статистик үзүүлэлт ч бий. Энэ нь бидний цэвэр усны нөөцөд ноцтой аюул учруулж байна гэсэн үг. Мөнх цастай уулын цасны хэмжээ багасах, мөсөн голуудгүй бол усгүй болно. Гол, нуур, булгийн эх үүсвэр багасна. Усны хүртээмж буурч, хомсдол үүснэ. Тиймээс бид одооноос усны хэрэглээгээ хэмнэх хэрэгтэй. Байгалиа хамгаалж, нөхөн сэргээх, иргэдэд энэ талын мэдлэг ойлголтыг өгөх хэрэгтэй юм гэж Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв.  


Дашрамд, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсын хувьд усны нийт нөөцийн 10.5 хувийг бүрдүүлдэг мөнх цас, мөсөн голууд багассаар байгаа. Алтайн уулсын мөнх цас, мөсөн голын хэмжээ сүүлийн 80 гаруй жилд 40 орчим хувиар багассан судалгаа гарсан. Тиймээс эко системийн тэнцвэрт байдлыг хамгаалахад анхаарах шаардлагатай байгаа”-г онцолсон байна.

Мөн НҮБ-аас дэлхийн усны өдрийг энэ жил “Мөсөн голыг хамгаалах нь” /Glacier Preservation/ уриан дор тэмдэглэн өнгөрүүлжээ. 

Отгонтэнгэр уулын мөнх цасны хайлалт 2005-2024 оны байдлаар ийм талбайтай хайлжээ

Связанные новости