ЗАВХАН: Татмын ойжуулалтыг хийснээр экологийн тэнцвэрт байдлыг хадгалж чадна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-08-01 17:37:15

Улиастай, 2025 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Завхан аймагт энэ жил төслийн дэмжлэгээр 150 га-д татмын ойжуулалтыг хийж байна.


Уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртсөн голын эх бүхий талбай, урсац бүрдэх сав газрын унаган төрх, эко системийг хамгаалж, тэнцвэржүүлэх зорилгоор татмын ойжуулалтыг хийдэг байна. 


Алдархаан суманд Адапт төслийн дэмжлэгээр 2023 онд 30 га, 2024 онд 50 га газарт татмын ойжуулалт хийж байгалийн аясаар нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн. Татмын ойжуулалтын хүрээнд 63 мянган модыг тарьсан, анхны модод ургалт маш сайн байна. Өөрөөр хэлбэл Яруугийн гол дагуу татмын ойжуулалт хийгээд гурав дахь жилтэйгээ золгож амжилттай хадлан авч байна. Өнгөрсөн жил гэхэд голын эрэг орчмоос 4-5 портер автомашин өвс хадаж, малчдадаа хямдралтай үнээр олгосон. Ойжуулалтын талбайг  нэмэгдүүлж, 80 га болгосон тул цаашид илүү их хэмжээний хадлан авч, зудтай өвлийг эрсдэл багатай даван туулах боломж бүрдсэн юм.


Татмын ойжуулалт нь гол, горхи орчмын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөхөн сэргээх зэргээр хүрээлэн буй орчинд эерэг нөлөө үзүүлдэг.


Уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлэх, цөлжилтийг бууруулахад татмын ойжуулалт чухал ач холбогдолтой. Тиймээс манай төслөөс Завхан аймгийн хэмжээнд 2022-2024 онд арван сумын 259 га талбайд татмын ойжуулалт хийсэн байна. Мөн энэ онд бэлчээрийн менежментийг 102 га-д хийх, өвс тэжээлийн хоёр агуулах барих, таван булаг хашиж, хамгаалах, хөв цөөрөм гурвыг байгуулахаар тусгасан байна гэж Адапт төслийн орон нутгийн зохицуулагч Ц.Энхтуяа хэлэв. 

Алдархаан сумын татмын ойжуулалтын модны ургалт

Связанные новости