ЗАВХАН: Далайн түвшнээс дээш 1880 гаруй м өндөрт өргөгдсөн Сангийн далай нуур

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-30 16:37:08

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан, Хөвсгөл аймгийн газар нутгийг дамнан орших Сангийн далай нуур нь далайн түвшнээс дээш 1888 м өндөрт өргөгдсөн сулавтар давстай нуур юм.


Завхан аймгийн Их-Уул, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сумуудын хооронд байрладаг Сангийн далай нуур нь монгол орны аялахад тохиромжтой нууруудын нэг юм.


Сангийн далай нуур нь Булнайн нурууны ар шилд орших давст нуур бөгөөд нуурын усыг тэтгэдэг байнгын урсгалтай гол мөрөн үгүй юм. Нуур орчмын газрын гадарга нийтдээ уулархаг бөгөөд нуурын усны мандал 1988 м өндөрт орших тул орчны уулс хэдийгээр өндөр ч гэсэн харьцах өндрийн хувьд бага юм.


Нуурын ёроол хайрцаг шиг хэлбэртэй учраас хажуу нь эгц, олон мөргүүдтэй. Сангийн далай нуурын усны эрдэсжилт Хяргас, Увс нууруудаас бага боловч давсархаг юм. 


Нуур нь эргэн тойрон уул, нуруу, толгод, хадан цохиогоор хүрээлэгдсэн. Зарим хэсгээрээ гүн түрж орсон хошуу булантай. Усны шувуу их цугладаг, загас элбэгтэй үзэсгэлэнтэй нуур юм. Нуурын урт нь 32 км,өргөн нь 13км орчим, Булнайн нурууны ар шилд орших хоёр хэсэгтэй. Баруун хэсгээрээ 30м, зүүн хэсгээрээ 13м орчим гүн, сулавтар давстай нуур юм.

Завханы Их-Уул сумын нутгийн хөгшчүүд 1905 оны газар хөдлөлтөөс хойш нуурын ус болон талбай нь нэмэгдсэн гэж хуучилдаг. Өвлийн улиралд нуурын мандлыг мөс бүрхэж хөлддөг нуур юм.


                                                        Сангийн далай нуурын үдэш, Завхан аймгийн Их-уул сум, Гэрэл зургийг П.Баатарзоригт


                                                                                Сангийн далай нуур нь усны шувуудын өлгий нутаг. Гэрэл зургийг: Б.Баяр


                                     Сангийн далай нуур, Завхан аймгийн Их-Уул сумын Мэргэний үзүүр, Гэрэл зургийг П.Баатарзоригт


Сангийн далай нуур, Завхан аймаг Их-Уул сум.  Гэрэл зургийг: Б.Баяр

Связанные новости