"Иракийн хүчнийхэн" Мосул орчмын тосгодын оршин суугчдыг хөнөөсөн гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-10 09:18:02

МОСУЛ. /ВВС/. Иракийн цагдаагийн дүрэмт хувцас өмссөн этгээдүүд Мосул хотоос өмнө зүгт орших тосгодын оршин суугчдыг тамлан зовоож, хөнөөсөн гэж хүний эрхийн төлөө тэмцэгч “Эмнести Интернэшнл” ТББ мэдэгдлээ.

Тус байгууллагын ажилтнуудын цуглуулсан нотлох баримтад дурдсанаар, Шура болон Каяяра хэмээх хоёр тосгоны оршин суугч болох зургаа хүртэлх тооны хүнийг Иракийн  цагдаагийн дүрэмт хувцас өмссөн хүмүүс “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлтэй холбоотой гэх шалтгаанаар баривчлаад, дараа нь буудан хөнөөжээ.

Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Иракийн холбогдох албаны хүмүүс ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Иракийн засгийн газрын талыг баримтлагч хүчнийхэн Мосул хотыг чөлөөлөх ажиллагааг өнгөрсөн сараас явуулж эхэлсэн юм.

Гурван долоо хоногийн өмнө эхэлсэн уг ажиллагаанд Иракийн арми болон аюулаас хамгаалах хүчний албан хаагчид, цэргүүд, цагдаа нар, Курдын хүчнийхэн, лалын шашны суннитын урсгалыг шүтэгч омгийнхон болон шиитийн журамт цэргүүд зэрэг 50 мянган хүн оролцож байна.

Г.Доржханд

 

 

 

Связанные новости