Энэ онд нийслэлийн 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-31 16:11:46

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин ОХУ-ын Монгол дахь худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев болон БНХАУ-ын “Шандон Шинке Холдинг” ХХК-ийн Ерөнхий захирал Ин Бээжин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Тэд хийн түлшний хэрэглээний төлөвлөлт, байгалийн шингэрүүлсэн хий боловсруулах үйлдвэр байгуулах, дэд бүтцийн төслүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэх талаар санал солилцсон юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, “Одоогоор нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй өрх хатуу түлш буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. Энэ тоо өвлийн улиралд өсөх хандлагатай байдаг. Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй 24 мега төслийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах зорилтын дагуу “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг баримтлан Сэлбэ, Баянхошуу, Ханын материалд 20 мянган айлын цогцолбор хорооллыг барих ажлыг эхлүүлээд байна. Мөн агаарын бохирдол ихтэй бүс болох Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэх ажлыг эхлүүлсэн. Цаашлаад агаарын бохирдлыг багасгаж чанарыг сайжруулах, бүсийн айл өрхүүдийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуурт үе шаттай шилжүүлэх ажилд шаардлагатай судалгааг гаргахаар төлөвлөж байна. Бид эдгээр төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээв.


Харин ОХУ болон БНХАУ-ын талууд цаашид талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн илүү нягт хамтран ажиллах боломжтой гэдгээ уламжлав.

Связанные новости