ЗАВХАН: Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилж дахивраа орлого болгохыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-23 14:03:11

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Завхан аймаг хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилж, дахивар хаягдлаа цуглуулан тушааж, орлоготой байхыг уриалж байна.


Монгол Улсын “Хог хаягдлын тухай” хуулийн 10.1.2-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгах үүрэгтэй.

Мөн хуулийн 10.1.4-д дахин ашиглах боломжтой хог хаягдлыг зориулалтын цэгт хүргүүлэх талаар заасан байдаг.


Эдгээр заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор энэ оны эхний хагас жилд нийт 5 тонн дахивар хаягдлыг цуглуулан, нягтруулж шахсан хөдөлмөрч иргэний санаачилгыг дэмжин хамтран ажиллаж байна. Завхан аймгийн Байгаль орчны газар дээрх иргэнтэй хамтран ажиллаж, цуглуулсан дахиврыг Улаанбаатар хот руу тээвэрлэх, дахин боловсруулах эрх бүхий байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.


Үүнтэй холбоотой аймгийн төв, Улиастай суманд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас дахивар хаягдлыг тодорхой тарифаар худалдан авч байна. Ус, ундааны гялгар уут, пакет, гялгар цаасыг килограммыг нь 300 төгрөг, ган, хөнгөн цагаан лаазыг килограммыг нь 2000 төгрөг, ундааны хуванцар сав (PET) ширхгийг нь 100 төгрөг, техникийн хаягдал тосны савыг килограммыг нь 150 төгрөгөөр тус тус худалдан авч байна. Өмнө нь дахиврыг худалдан авдаг нэгдсэн цэгүүд байдаггүй, тодорхой тариф үнэлгээгүй байсан. Тиймээс өөрийн санаачилгаар дахиврыг иргэн, аж ахуйн нэгжээс худалдан авдаг иргэнийг дэмжиж, аймгийн хэмжээний дахиврыг нэгдсэн байдлаар нэг үнэ тарифтай худалдан авч дахин ашиглах боломжтой боллоо.


Завхан аймагт иргэн, айл өрх, аж ахуйн нэгжүүдээс жилдээ 140-149 мянган тонн хог хаягдал гарч хогийн цэгт төвлөрдөг.


Эдгээр хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой. Гэвч бид хогоо ангилан хаях дадалд хараахан суралцаагүй байна. Сүүлийн хэдэн жилд сум, аймгийн төвүүдийн нийтийн эзэмшлийн талбайд болон зарим байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хог ангилах савыг байршуулж, иргэдэд хогоо ангилан хаях мэдээллийг их түгээсэн. Гэвч иргэдийн хогоо ангилж хаях ухамсар, мэдлэг дутмаг хэвээр байна. Өрх бүр хогоо ангилан хаяхгүй байгаагаас үүдэн ангилагдаагүй хогийг булах, шатаах гэсэн хоёр л аргаар устгадаг.


Ингэснээр дээшээ хорт хий ялгарч, доошоо хөрсний бохирдол үүсдэг. “Хог хаягдлыг дахин боловсруулах” гэх гурав дахь арга байдаг ч хүмүүс тэр бүр мэддэггүй эсвэл тоодоггүй. Хэрэв өрх бүр хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилж хэвшвэл цугларах хогийн хэмжээ багасах мөн дахин боловсруулагдах боломжтой хогийг эргэлтэд оруулах давуу тал үүсэх юм. Ингэснээр бидний эрүүл мэндэд ч, эдийн засагт эерэг нөлөөтэй юм.


-Иргэдийн хийж чадах эхний алхмыг зөвлөвөл?

-Бид орон нутгийнхаа, эх орноо хөрсний бохирдлоос аврахын тулд хамгийн эхэнд хогоо эх үүсвэр дээр нь шууд ангилан ялгах нь чухал. Хүнсний хаягдлыг бусад хог хаягдалтай нийлүүлж хаях нь агаар, орчны бохирдолд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд хүлэмжийн хий, метан хий зэрэг хорт хийг ялгаруулах эхлэл болдог. Дахин ашиглах боломжтой хог хаягдлыг гурав ангилна. Үүнд, органик хаягдал буюу хоолны үлдэгдэл, хүнсний ногоо, жимсний хальс зэрэг орно. Үүнийг бордоо, тэжээл болгон боловсруулах боломжтой.


Энгийн хог хаягдал буюу шил, лааз, хуванцар сав зэргийг ашиглаж байсан зорилгоор нь эргүүлэн боловсруулж, хэрэглээнд оруулах боломжтой. Аюултай хог хаягдал буюу тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, хорт хий ялгаруулагч хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр газарт булшилж хадгалах шаардлагатай. Ийнхүү цаас, хуванцар, органик хаягдлаа ангилан ялгаж дахивар хог тээвэрлэдэг газар, хоёрдогч түүхий эд худалдан авах цэгүүдэд хүргэж өгөх боломжтой юм шүү гэдгийг бид уриалж, зөвлөж байна.


Ер нь хогоо эх үүсвэр дээр нь ангилж, ялгаад дахивар хаягдлаа орлого болгох боломж өрх бүрд бий. Ангилсан хог цэвэр орчныг бий болгоно. Тиймээс иргэн бүр орлоготой, хариуцлагатай, оролцоотой байхыг уриалж байна гэж Завхан аймгийн Байгаль орчны газрын Орчны бохирдол, хог хаягдал хариуцсан мэргэжилтэн н.Батцэцэг ярив. 


Иргэн, аж ахуйн нэгжээс ангилсан дахиврыг худалдан авч Улаанбаатар хот руу ачиж байна


Хогоо эх үүсвэр дээр нь ангилах

Связанные новости