Нэмж найман газар түймэр гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-23 11:39:29

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас ойн түймрийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг өдөр бүр мэдээлж байгаа билээ.


Тэгвэл өнөөдрийн 11:00 цагийн байдлаар, улсын хэмжээнд 24 түймэр асаж байгаагаас тавыг нь цурамд оруулсан байна. Харин 19 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын 280 алба хаагч, мэргэжлийн ангийн 311 хүн, нийт 36 авто машинтай ажиллаж байна.


Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан таван түймрийг цурамд оруулсан бол Хүдэр, Ерөө, Мандал суманд нийт 18, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд нэг түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тээвэрлэн хүргэх ажлыг зохион байгуулж байгаа аж.


Ташрамд дурдахад, өчигдрийн 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 16 түймэр асаж байсан бол ганцхан хоногийн дотор 24 болж нэмэгджээ. Иймд иргэдийг анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас уриаллаа.

Связанные новости