Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нийт нутгийн 30 хувьд хүргэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 20.8 хувь буюу 32.5 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад авч, нэгдсэн сүлжээг бүрдүүлээд байна.
Үүнийг 2030 онд гэхэд 30 хувьд хүргэхээр төлөвлөснийг гурван
өдрийн турш зохион байгуулсан, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын
захиргаадын зөвлөлдөх уулзалтын үеэр онцлов. Экологийн ач холбогдол
бүхий 21 газрыг улсын тусгай
хамгаалалтад авахаар мэргэжлийн байгууллагатай хамтран хийсэн судалгаа байгаа аж. Тус уулзалт нь хамгаалалтын
захиргаадын бодлого, төлөвлөлт, санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, 2026 оны
ажлын төлөвлөгөөг шинэ шатанд гаргах зорилготой юм. Оролцогчид хамгаалалтын
захиргаадын өнөөгийн нөхцөл, тулгамдсан асуудлаар илтгэл тавьж, бодлого, хууль
эрх зүйн орчин, байгууллага хоорондын уялдааг сайжруулах талаар санал, байр
сууриа илэрхийлж байлаа. Түүнчлэн, ТХГН-ийн
тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, ингэхдээ байгалийн нөөцийг тогтвортой, ашигтай,
зохистой ашиглах ТХГН гэсэн ангилал нэмэх хэрэгтэй, мөн энэ хуульд нэмэлт өөрчлөлт
оруулбал дагаад 10 гаруй хуулийг ч шинэчилж байж үр дүнд хүрэхийг тодотгож байсан
юм.
Монголын
Байгалийн өв сангийн гүйцэтгэх захирал Э.Номиндарь ярихдаа, “ТХГН-ийн
менежментийг сайжруулж,
хэрхэн санхүүжүүлэх, нэгдсэн
замын зурагтай болохыг хэлэлцэж байна. Байгаль хамгаалах зардлыг голдуу улсын төсвөөс гаргадаг ч хүрэлцдэггүй.
Жилд 30 тэрбум орчим төгрөг
төсөвлөдөг ч 30 гаруй
захиргааны 700 гаруй албан хаагчийн цалин, урсгал зардалд зориулагддаг. Байгаль
хамгаалагч эргүүл хамгааллаас гадна судалгаа,
мониторинг хийх санхүүжилт байдаггүй. Олон улсын байгууллагын төсөл хөтөлбөр тодорхой хугацаанд
хэрэгжээд дуусчихдаг. Байгаль хамгааллын үр нөлөө урт байдаг. Бид байнгын санхүүжилтийн тогтолцоотой болох зорилгоор 2024 оноос 15 жилийн хугацаатай, 200 сая
төгрөгийн дүнтэй “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийг олон
улсын байгууллагын тусламжтай хэрэгжүүлж эхэлсэн. Засгийн газраас гэхэд 120
сая ам.долларын санхүүжилт бүрдүүлэх юм. Ингэхдээ ТХГН-т нэвтрэх хураамж маш бага дүнтэйн дээр хангалттай цуглуулж
чаддаггүйг зөв голдрилд нь оруулна. Жуулчдаас
авах байгаль хамгааллын хураамжийг яаж зохицуулахыг ч ярилцаж байна. Хураамжаа бодит үнийн дүнгээр, хүртээмжтэй
цуглуулж, санхүүжилт бүрдүүлж чадвал бие засах газар, аяллын жимээс эхлээд олон
асуудлыг шийдэх юм. “Өнө
мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлаа амжуулбал байгаль орчны тогтвортой
санхүүжилт бүрдэнэ. Байгалиа зохистой
ашиглаж, цэнгэг ус, газраа
хамгаалахгүй бол ирээдүйд хамгаалах зардлаа 3-10 дахин нугалж төлөх хэмжээнд хүрнэ. Байгаль хамгаалах нь бүх салбарт, хүн бүрд хамаарах учир салбар хоорондын хамтын ажиллагаа
чухал” хэмээв.
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 15 орчим хувийг буюу 24.3 сая гаруй га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад хамруулсан байдаг. Улсын тусгай хамгаалалттай нутгийг хуулиар тогтоосон 4 ангиллаар авч үзвэл дархан цаазат газар 23, байгалийн цогцолборт газар 37, байгалийн нөөц газар 47, дурсгалт газар 13 байна.
Зөвлөлдөх уулзалтад БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болдоо, GIZ-ийн байгаль орчны төслийн дарга Бастиан Флүри нар байр сууриа илэрхийлж, ССАЖЗЯ-ны ТХГН-ийн хамгаалалтын захиргаад, төсөл хөтөлбөр, ОУБ, ТББ, иргэний нийгмийн төлөөлөгчид оролцжээ.
Связанные новости
Ulaanbaatar