Монголын төрийн үндэсний их баяр наадмаар дэлхийн удирдагчдаас ирүүлсэн мэндчилгээнээс...

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
khandmaa@montsame.gov.mn
2025-07-20 17:17:38

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 40-өөд улсын төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд болон Монголын ард түмэнд мэндчилгээ ирүүлжээ.

 

ОХУ, БНХАУ хөрш орнууд болон АНУ, Япон, Солонгос, Их Британи зэрэг дэлхийн томоохон гүрнүүдийн удирдагч нар мэндчилгээ дэвшүүлсэн нь Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж буйг харуулж байна. Энэ бол Монгол Улсын гурван тулгуурт гадаад бодлогын үр дүн, Ерөнхийлөгчийн дипломат харилцааны амжилт юм.

 

Дэлхийн улс орнуудын удирдагчдаас ирүүлсэн мэндчилгээг толилуулъя.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэндчилгээндээ,

Монгол Улсын Үндэсний их баяр наадам - Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Орос, Монголын харилцаа нь найрсаг шинж чанартай болохыг Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх үеэр Москва хотноо Та бидний хийсэн уулзалт бүрэн нотолж байна. Тиймээс бид хоёр орны ард түмний сайн сайхан болон бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах зорилгоор Орос, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхийн төлөө цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллах нь дамжиггүй.

Танд эрүүл энх, ажлын амжилт, Танай иргэдэд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн тэмдэглэжээ.

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээндээ,

Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Танай улсын ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдон хаяа дэрлэн оршдог бөгөөд сайн хөршийн найрсаг харилцааг урт хугацаанд хөгжүүлэх нь хоёр улсын ард иргэдийн язгуур эрх ашигт нийцнэМиний бие хоёр орны харилцааны хөгжлийг онцгойлон чухалчилдаг бөгөөд Хятад, Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоох үзэл санааг үндсэн чиглэлээ болгон, харилцааны хөгжлийг зөв чиглэлд залж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урт хугацаанд тогтвортой урагшлуулан, хөрш орнуудын үлгэр жишээ харилцаа болгон хөгжүүлж, хоёр орны ард түмэнд ашиг шимийг хүртээхийн төлөө Тантай хамтдаа хүчин чармайлт гаргахад бэлэн байна.

 Танай улсад хөгжил цэцэглэлт, ард түмэнд аз жаргал, амар амгаланг хүсэн ерөөе” гэжээ.  

 

Америкийн Нэгдсэн Улсын  Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп мэндчилгээндээ,

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын ард түмэнд АНУ-ын нэрийн өмнөөс баяр хүргэе.

Дипломат харилцаа тогтоосноос хойших 38 жилийн хугацаанд манай хоёр улс нэгдмэл ашиг сонирхолдоо нийцсэн үр өгөөжтэй түншлэл бүтээсэн. Бид эдийн засаг, аюулгүй байдал, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх чиглэлээр хамтран ажилласаар ирлээ. Ялангуяа “United Airlines” компани Улаанбаатар хот руу нислэг үйлдэж эхэлсэн Америкийн анхны агаарын тээвэрлэгч болсонд бахархаж байна. Энэ нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гарсныг харуулж байна.

Бидний Стратегийн гуравдагч хөршийн түншлэл нь ард түмнийхээ аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулахын төлөөх хамтын үүрэг, амлалт, тууштай байдлыг бэлгэддэг. Миний бие ирэх онд энэ түншлэлээ үргэлжлүүлж, байгалийн баялаг, эрчим хүч, худалдаа зэрэг харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө байна” гэжээ.

 

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан мэндчилгээндээ,

Турк Улсын нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон монголын ард түмэнд Монгол Улсын Үндэсний их баяр наадмын халуун мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье.

Язгуур түүх, бат бөх найрамдлын хэлхээ холбоонд суурилсан хоёр талт харилцаагаа Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны өнгөрсөн 1 дүгээр сард хийсэн айлчлалын үеэр тогтоосон Стратегийн түншлэлийн үндсэн дээр цаашид хамтдаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Энэхүү завшааныг ашиглан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, аз жаргал, монголын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээжээ.

 

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён мэндчилгээндээ,

Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Монгол, Солонгос хоёр улсын өнгөрсөн хугацаанд бүтээсэн харилцан итгэлцэл, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа энэ жил дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ хоёр улсын идэвхтэй харилцаанд суурилан иргэд хоорондын нөхөрлөл ч мөн улам бэхжихийн ерөөлийг дэвшүүлье. Монгол Улсад энх тайван, хөгжил цэцэглэлтийг, Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энхийг, Монголын ард түмэнд аз жаргалыг хүсэн ерөөе” гэжээ.

 

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын  Гуравдугаар Чарльз хаан мэндчилгээндээ,

“Танд болон танай ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна. Хоёр улсын бат бөх харилцаанд миний бие сэтгэл хангалуун байдаг бөгөөд найрсаг харилцаагаа улам бэхжүүлэхийн төлөө байна. Дэлхий нийтэд нүүрлэж буй уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны чиглэлээр манай хоёр улс хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт туйлын итгэлтэй байна.

Танд болон Монголын нийт ард түмэнд сайн сайхан бүхнийг ерөөе” гэжээ

 

Шведийн Хаант Улсын Хаан Карл XVI Густаф мэнчилгээндээ,

Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Танд чин сэтгэлийн баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийн дээдийг хүсэн ерөөе” гэжээ.

 

Испанийн Хаант Улсын Хаан VI Фелипе мэндчилгээндээ,

Монгол Улсын Үндэсний баярыг тохиолдуулан Испанийн Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд эрүүл энх, сайн сайхан, монголын найрсаг ард түмэнд энх тайван, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэндчилгээндээ,

“Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Танд Монгол Улсын Үндэсний баярын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Үндэсний баяр бол тэмдэглэлт өдөр төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй сорилтуудыг эргэцүүлэн бодох боломж олгодог билээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс авахуулаад зөрчил мөргөлдөөн, өсөн нэмэгдэж буй нийгмийн тэгш бус байдал хүртэл олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй олон талт шийдэл шаардсан сорилтын тоо нэмэгдсээр байна. Энэ бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас өнгөрсөн онд баталсан энх тайван, тогтвортой хөгжил, бүх нийтийн хүний эрхийг хангах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагаас урган гарсан “Ирээдүйн төлөөх гэрээ” баримт бичгийн үзэл санаа юм. Энэхүү онцгой өдрийг нь тохиолдуулан Монголын ард түмэнд дахин баярын мэнд өргөн дэвшүүлж байна. Эрхэмсэг Ерөнхийлөгч Та гүн хүндэтгэлийг минь хүлээн авна уу” хэмээжээ.

 

Гэгээн Ширээт Улсын Төрийн Тэргүүн Пап XIV Лео мэндчилгээндээ,

“Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, шударга ёс, энх тайвны ерөөлийг өргөн дэвшүүлье” гэжээ.

 

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко мэндчилгээндээ,

“Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Энэхүү уламжлалт баяр нь монголын соёлын мөн чанарыг илэрхийлж, түүхийн өв соёлоо дээдэлж буй үндэстний хүч чадал, тэсвэр хатуужлыг илтгэн харуулдаг билээ. Манай улс Монгол Улстай өргөн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлж, ард түмэн хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхийг зорьж байгааг баталж байна. Мөнх хөх тэнгэрийн орон, танай үзэсгэлэнт улсад зочилсноо халуун дотноор эргэн санаж, Таныг тааламжтай цагтаа Беларусь Улсад айлчлах урилгаа дахин нотолж байна. Эрхэмсэг ноён Танд болон Монголын ард түмэнд энх тайван, сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ.

 

Бүгд Найрамдах Азербайжан Улс Ерөнхийлөгч Ильхам Алиев мэндчилгээндээ,

“Азербайжаны ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд, Монголын ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхны ерөөл дэвшүүлье. Бид танай найрсаг улстай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгдөг бөгөөд хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад шинэ агуулгаар баяжуулах таатай нөхцөл бүрдсэнийг тэмдэглэхэд таатай байна. Хоёр орны ард түмний эрх ашгийн төлөө хамтын хүчин чармайлтаа тууштай үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Танд эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт, Монголын найрсаг ард түмэнд энх тайван, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.

 

БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн Дарга Ким Жөн Ын мэндчилгээндээ,

Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан Танд болон найрсаг Монголын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлье. Он удаан жилийн түүх, уламжлал бүхий манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөөх Таны хариуцлагатай үйл хэрэгт амжилт хүсэж, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” хэмээжээ.

 

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит мэндчилгээндээ,

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Лаосын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон танаар дамжуулан Монголын нийт ард түмэнд халуун баяр хүргэж, сайн сайхны ерөөлийг өргөн дэвшүүлье. Манай хоёр орны уламжлалт найрамдалт харилцаа, эв нэгдэл, найрсаг хамтын ажиллагаа өнгөрсөн 60 гаруй жилийн турш тууштай өргөжин хөгжиж байгаад сэтгэл нэн хангалуун байна. Миний бие 2023 онд Вьентьян хот, 2024 онд Улаанбаатар хотод Тантай чин сэтгэлийн, найрсаг, элэгсэг дотноор уулзсанаа байнга дурсаж, сэтгэлдээ хадгалж явдаг. Бидний харилцан айлчлал хоёр орны ард түмэн төдийгүй олон улс, бүс нутгийн тогтвортой байдал, хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулж, харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд түлхэц болсныг тэмдэглэхэд таатай байна.

Танд болон танай сайхан орны ард иргэдэд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

 

Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигел Диаз-Канел мэндчилгээндээ,

“Кубын ард түмэн, Засгийн газрын нэрийн өмнөөс халуун дотно мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна. Манай хоёр орны уламжлалт нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзлийн төлөө гэдгээ баталж байгаагаа илэрхийлье.

Танд болон танай ард түмэнд аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе” гэжээ.

 

Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Эль-Сиси мэндчилгээндээ,

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай найрсаг ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Миний бие найрамдалт харилцаагаа өндөр үнэлэхийн зэрэгцээ, хамтын ажиллагааг хоёр ард түмний харилцан ашиг тус, хамтын сонирхлыг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна” гэжээ.

 

Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел:

“Монгол Улсын Үндэсний баярыг тохиолдуулан Танд болон танай сайхан орны иргэдэд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Манай оронд энэ оны хавар хийсэн Таны айлчлал, бидний уулзалтыг нандигнан дурсаж байна. Бидний яриа хэлэлцээ харилцаа өндөр түвшинд хүрснийг бататгаж, хоёр орны ард түмний эрх ашгийн төлөө бүхий л салбарт хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх эрмэлзлийг нотолсон билээ.

Таны өндөр хариуцлагатай ажилд амжилт, Монголын ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

 

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен мэндчилгээндээ,

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Танай сайхан улсад гэргий Дорис-ын хамт айлчлах үеэр өндөр хүндэтгэл үзүүлж, найрсаг дотноор хүлээн авсанд дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Танд эрүүл энх, сайн сайхан, Монголын ард түмэнд гэрэлт ирээдүйг хүсэн ерөөе” гэжээ.

 

Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгч Алар Карис мэндчилгээндээ,

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэж, хөгжил цэцэглэлт, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс дижитал шилжилтийн төлөө тууштай ажиллаж байгааг бид сайшааж байна. E-Mongolia үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем гайхалтай хөгжсөн бөгөөд бид цахим засаглалын сайн туршлагаасаа Та бүхэнтэй хуваалцсандаа баяртай байна. Дижитал хамтын ажиллагаа нь бидний харилцааны чухал тулгуур юм.

 Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд нэн өндөр хүндэтгэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу” гэжээ.

 

Ирланд Улсын Ерөнхийлөгч Майкл Д.Хиггинс мэндчилгээндээ,

“Ирланд Улсын Ерөнхийлөгчийн хувиар болон ард түмнийхээ нэрийн өмнөөс Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд, танай ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монголын ард түмэнд энх тайван, сайн сайхан, аз жаргалыг хүсэн ерөөе” гэжээ.

 

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Карин Келлер-Суттер мэндчилгээндээ,

“Швейцарын Холбооны Зөвлөл болон Швейцарын ард түмний нэрийн өмнөөс Танд болон танай ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд сайн сайхан, ард түмэнд тань аз жаргал, амжилтын дээдийг хүсэн ерөөе. Манай хоёр улс харилцан сонирхсон олон асуудлаар үр дүнтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байна. Газар зүйн хувьд алс оршиж, олон ондоошилтой хэдий ч хоёр орны ард түмэн байгалийн өнгө төрх, эртний уламжлал бүхий нийтлэг үнэт зүйлстэй билээ. Өнгөрсөн жил Швейцарын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр толилуулсны адил Монголын найрсаг ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд нэн өндөр хүндэтгэл илэрхийлж байгааг хүлээн авна уу” гэжээ.

 

Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эдгарс Ринкевикс мэндчилгээндээ,

Латвийн ард түмний нэрийн өмнөөс Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Энэхүү завшааныг ашиглан эрх чөлөө, ардчилал, эрх зүйд суурилсан олон улсын дэг журам зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Латви, Монголын найрсаг харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Цаашид манай хоёр улс харилцан сонирхсон олон салбарт хамтын ажиллагаагаа тэлж, ард түмний хэлхээ холбоог гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд нэн өндөр хүндэтгэлээ илэрхийлж байгааг хүлээн авна уу.

 

Япон Улсын Ерөнхий сайд Ишиба Шигэрү мэндчилгээндээ,

Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Танд болон Монголын ард түмэнд Япон Улсын Засгийн газар болон Японы ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ баярын мэндчилгээ дэвшүүлье.

Энэхүү цаг мөчид Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Эрхэм дээд хатны хамт Монгол Улсад айлчлал хийж байгаа билээ. Тус айлчлалын үеэр Цог Жавхлант Эзэн хаан Эрхэм дээд Хатан Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд оролцох болсон нь хоёр орны хувьд туйлын баярлууштай үйл явдал хэмээн тэмдэглэж байна. Цог Жавхлант Эзэн хаан Эрхэм дээд Хатны айлчлал нь түүхэнд тэмдэглэгдэж, хоёр орны найрамдалт харилцаа улам өргөжин батжих болно гэдэгт найдаж байна.

Олон улсын нөхцөл байдал ихээхэн ээдрээтэй байгаа энэ цаг үед Япон Улс, Монгол Улс нь эрх чөлөө, ардчилсан ёс, хүний эрх, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг бүс нутгийн чухал түншүүдийн хувьд олон талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь нэн чухал юм. Цаашид ч “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийг улам бэхжүүлэн, гүнзгийрүүлэхийн төлөө Эрхэмсэг ноён Тантай нягт хамтран ажиллахыг хүсэж байна.

Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, ажлын амжилтыг мөн Монгол улс улам бүр цэцэглэн хөгжихийг хүсэн ерөөе.

 

Канад Улсын Амбан Захирагч Мэри Мэй Саймон мэндчилгээндээ,

Монгол Улсын Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Канадын ард түмний нэрийн өмнөөс Танд болон Монголын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна.

Канад Улс нь Монгол Улстай урт хугацаанд хөгжүүлж ирсэн нөхөрсөг харилцаа болон улам бүр өсөн нэмэгдэж буй хамтын ажиллагаагаа өндрөөр үнэлдэг. Ард түмнүүд хоорондын дотно хэлхээ холбоо, нийтлэг үнэт зүйлс зэрэг нь энэхүү харилцааны бат бөх суурь нь юм. Канад Улсын хувьд цаашид ардчиллын зарчим, хүний эрх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх хэлбэрээр харилцаа, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийн төлөө байна.

Дэлхий нийтийн өмнө сорилт бэрхшээлүүд тулгарч буй өнөө үед манай хоёр улс шиг санаа нэгт орнууд бизнесийн түншлэл, хөгжлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэргээр хоёр талын харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэх боломжуудыг эрэлхийлэх нь урьд өмнөхөөс илүү чухал байна.

Танд болон Монголын ард түмэнд эрүүл энх, аз жаргалыг хүсэж, хөгжин цэцэглэхийн ерөөлийг дэвшүүлье.

 

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин мэндчилгээндээ,

Монгол Улсын Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын Засгийн газар, ард түмэнд хувиасаа болон Австралийн Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Наадмаа тэмдэглэж буй энэ үед, энх тайван, хөгжил цэцэглэл, тогтвортой байдлыг эрхэмлэсэн Энэтхэг-Номхон далайн бүс нутаг болон олон улсын түвшинд Монгол Улстай тууштай хамтран ажиллах Австралийн эрмэлзлийг үүгээр нотлон илэрхийлье” гэжээ.

 

Сан Марино Улсын Төрийн тэргүүд Дөниз Бронзетти, Итало Риги мэндчилгээндээ,

“Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын найрсаг ард түмэнд Сан Мариногийн ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд гүн хүндэтгэл илэрхийлж, ажлын амжилт, танай ард түмэнд хөгжил цэцэглэлт, гэрэлт ирээдүйг хүсэн ерөөж байгааг хүлээн авна уу” гэжээ.

 

Тонгагийн Хаант Улсын Хаан Тупоу VI мэндчилгээндээ,

Монголын соёл, уламжлал болон үндэсний бахархлын бэлгэдэл болсон Монгол Улсын Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Танд баярын мэндийг дэвшүүлж, Монголын ард түмэнд тасралтгүй хөгжил дэвшил, цэцэглэлтийг хүсэн ерөөе.

 

Саудын Арабын Хаант Улсын Хаан Салман Бин Абдулазиз Аль-Сауд мэндчилгээндээ,

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саудын Арабын Хаант Улсын нэрийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд эрүүл энх, сайн сайхан, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. 

 

Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъян мэндчилгээндээ,

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Арабын Нэгдсэн Эмират Улсын нэрийн өмнөөс болон хувиасаа  мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд эрүүл энх, сайн сайхан, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ

 

Кувейт Улсын Эмир Шейх Мишаль Аль-Ахмад Аль-Сабах мэндчилгээндээ,

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд Кувейт Улсын нэрийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд эрүүл энх, сайн сайхан, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.

 

Катар Улсын Эмир Шейх Тамим Бин Хамад Аль-Тани:

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Катар Улсын Эмир Шейх Тамим Бин Хамад Аль-Тани баярын мэндчилгээ дэвшүүлэв.

 

Бахрейны Хаант Улсын Хаан Хамад Бин Иса Аль-Халифа:

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бахрейны Хаант Улсын Хаан Хамад Бин Иса Аль-Халифа баярын мэндчилгээ дэвшүүлэв.

 

Оманы Султант Улсын Султан Хайтам Бин Тарик:

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Оманы Султант Улсын Султан Хайтам Бин Тарик мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд ажлын өндөр амжилт, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв.

 

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар мэндчилгээндээ,

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе.

Өнгөрсөн оны наймдугаар сард хийсэн айлчлалын үеэр биднийг найрсгаар хүлээн авсныг дурсахын зэрэгцээ, Словени, Монголын харилцаа хоёр талын хүч чармайлтын дүнд олон шинэ салбарт өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Манай улс Монгол Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаандаа чухал ач холбогдол өгдөг бөгөөд хамтын ажиллагаа харилцан хүндэтгэл, ойлголцлоор бэхжиж, хоёр ард түмний тусын тулд улам өргөжнө гэдэгт итгэл төгс байна.

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд нэн өндөр хүндэтгэлээ илэрхийлж байгааг хүлээн авна уу” хэмээжээ.

 

Унгар Улсын Ерөнхийлөгч Томаш Шүёок мэндчилгээндээ,

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе. Эртнээс улбаатай манай хоёр улсын найрамдалт харилцаа нь Унгар Улсын хувьд онц чухал байр суурь эзэлдэг билээ. Өнгөрсөн он жилүүдэд хоёр улс харилцан хүндэтгэлд суурилсан нягт хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэнд баяртай байна. Цаашид ч харилцаагаа улам бэхжүүлэх боломжууд нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг хүлээн авна уу” гэжээ.

 

Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарелла мэндчилгээндээ,

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээ дэвшүүлье. Үнэнч нөхөрлөлийн бат хэлхээгээр холбогдсон манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байна. Бидний бат бэх хамтын ажиллагаа хоёр улсын хөгжлийг дэмжиж, олон салбарт үр дүнтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байгааг онцлохыг хүсэж байна.

Хэдийгээр газар зүйн хувьд алс оршдог хэдий ч хүний эрх, олон ургалч үзэл, хууль дээдлэх зарчим болон олон улсын эрх зүйг хүндэтгэн дээдлэх зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан бидний хамтын ажиллагаа Монгол Улс, Европын Холбоо хоорондын идэвхтэй өрнөж буй яриа хэлэлцээгээр улам бүр өргөжиж байгаад баяртай байна.

Бүгд Найрамдах Итали Улсын нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ.

 

Бельгийн Хаант Улсын Цог Жавхлант Хаан Филипп мэндчилгээндээ,

Монголын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.

 

Бүгд Найрамдах Португал Улсын Ерөнхийлөгч Марсело Ребело де Соуса мэндчилгээндээ,

Монголын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд Бүгд Найрамдах Португал Улсын нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.

 

Бүгд Найрамдах Малави Улсын Ерөнхийлөгч Лазарус Мкарти Чаквера мэндчилгээндээ,

Монголын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд Бүгд Найрамдах Малави Улсын нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.

 

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр мэндчилгээндээ,

Монгол Улсын Үндэсний Их Баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд Германы ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол болон Герман Улсыг олон жилийн ойр дотно, итгэлцэл бүхий харилцаа холбож ирсэн билээ. Энэхүү харилцаа хэр их өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий болохыг би өнгөрсөн жил биечлэн мэдэрсэн. Манай хоёр орны соёл, боловсрол, хөгжил, мөн түүнчлэн батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Өнгөрсөн жил Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр манай хоёр улс стратегийн түншлэл байгуулснаар харилцаагаа шинэ шатанд гарган, ирээдүйд амжилттай хамтран ажиллах үндэс суурийг тавьсан. Манай хоёр улс өргөн хүрээ бүхий түншлэлээ цаашид улам их агуулгаар баяжуулж, шинэ сэдвүүдээр өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Танд болон Монголын ард түмэнд сайн сайхан, аз жаргалтай, амар амгалан, ирээдүйг хүсэн ерөөе” гэжээ.

 

Связанные новости