Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын талаар байр сууриа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136 @gmail.com
2025-11-17 12:07:34

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр Мехико хотноо энэ сарын 13-нд болсон Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын цөмийн зэвсгийг хориглох агентлагийн 29 дүгээр бага хуралд цөмийн зэвсэггүй бүс нутаг, улс хоорондын хамтын ажиллагаа, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын талаар мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэн оролцов.

 

ГХЯ мэдээлснээр, тэрбээр тус агентлагийн ээлжит хуралд Монгол Улсыг анх удаа ажиглагчаар урьж оролцуулсанд талархал илэрхийлж, цөмийн зэвсэггүй бүс, улс хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, дэлхий нийтийн болон бүс нутгийн тогтвортой байдал, итгэлцлийг бэхжүүлэх үйлсэд цөмийн зэвсэггүй бүсүүдийн үүрэг оролцоо чухал болохыг онцлон тэмдэглэв.

 

Бага хуралд оролцохын зэрэгцээ Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Латин Америк, Карибын орнуудын цөмийн зэвсгийг хориглох агентлаг хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулав. Энэхүү санамж бичгийг байгуулснаар талууд хамтран ажиллах цар хүрээ, хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тодорхойлж, олон талт хамтын ажиллагааны хүрээнд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах асуудлаар хамтран ажиллаж, туршлага, мэдээлэл солилцож, тус агентлагаар дамжин цөмийн зэвсэггүй гэрээний бусад бүс нутгийн байгууллагатай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нэмэгдэж байна.

 

Латин Америк, Карибын бүс нутагт цөмийн зэвсгийг бүтээх, эзэмших, ашиглах, турших, бусдад дамжуулахыг хориглох зорилгоор тус бүс нутгийн улс орнууд анх 1967 онд Тлателолкогийн гэрээг байгуулж, одоогийн байдлаар бүс нутгийн нийт 33 гишүүн улс нэгдэн орсон байна.


Связанные новости