УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын 33 гишүүн өнөөдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн барилаа.
Үндсэн хуульд
заасны дагуу УИХ өөрийн бүрэн
эрхийн хүрээнд аливаа асуудлыг хэлэлцэхдээ хуралдааны дэгийг өөрөө тогтоох
эрхтэй. Гэвч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар
санал хураалт явуулах ерөнхий журмыг нарийвчлан зохицуулаагүйн улмаас үр дүн
муутай томьёоллоор санал хураалтыг явуулж буй нь Монгол Улсын Их Хурлын бүрэн
эрх, холбогдох бусад хуулийн зарчимд нийцэхгүй байна хэмээн үзэж хуулийн
төслийг боловсруулсан гэж УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн танилцуулсан юм.
Тухайлбал Монгол
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн
10.11 дэх хэсэгт “тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн
чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 7.5-д заасан эсэргүүцэх
шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан эсвэл бүртгэлээс гарсан
/картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд оруулж тухайн асуудлаар санал
хураахад эсрэг санал өгсөнд тооцно” гэснийг нарийвчлан зохицуулах, улмаар
“Чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг шийдвэрлэхдээ байнгын хорооны
хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх дэмжсэн, дэмжээгүйгээс үл хамаарч эрх
бүхий этгээдийн анх гаргасан саналыг нь “дэмжих эсэх”-ээр санал хураана.” гэж
шинэчлэн тусгахаар боловсруулжээ.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, хэсэгт заасан хугацааг Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулах асуудлыг Улсын Их Хуралд танилцуулах хугацааг нарийвчлан заасан гэв. УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн хуулийн төслийг өргөн барьж байгаа явдалд талархал илэрхийлээд, хэлэлцүүлгийг хуулийн дагуу явуулахаа мэдэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Ulaanbaatar