Б.Эрдэнэдалай: Бүтээмж нэмэгдүүлэх, алба хаагчдын ачааллыг тэнцвэржүүлэх, нийгмийн баталгааг хангах чиглэлд олон ажил хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-19 09:57:30

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 104, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 103 жилийн ой, Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр тохиож байна.


Ардын засгийн газрын 1921 оны долоодугаар сарын 19-ний хуралдаанаар цагдаагийн эрхлэх асуудлыг хэлэлцэж, “Арван тавны цагдаа”-гаас улбаатай Цагдан сэргийлэх байгууллагыг Цэргийн яамны бүрэлдэхүүнд оруулан, “Цагдан сэргийлэх цэрэг” хэмээн нэрлэсэн нь орчин цагийн цагдаагийн байгууллагын үүсэл болсон түүхтэй. Энэхүү өдрийг тохиолдуулан ЦЕГ-ын Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.


-Юун түрүүнд Монголд Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 104, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 103 жилийн ойн мэнд хүргэе?

-Маш их баярлалаа. 100 гаруй жилийн түүхтэй цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт алба хаагчдадаа үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагаар дамжуулан баярын мэнд хүргэе.


-Таныг цагдаагийн байгууллагатай хэрхэн холбогдож байсан товчхон түүхээр ярилцлагаа эхлүүлэх үү?

-Багаасаа л бодож, мөрөөдөж байсан мэргэжил юм. Би Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд тариаланчийн гэр бүлд төрж, хөдөөгийн буйдхан сууринд нутгийн ахан дүүс, буурлуудын сургааль, амьдрах ухаанаас суралцаж бага, дунд боловсрол эзэмшсэн. Тухайн үед суманд нэг цагдаа ажилладаг. Түүний биеэ авч яваа байдал, мэдлэг ур чадвар үнэхээрийн сэтгэлийг минь эзэмдсэн. Учир нь аливаа асуудал гарах бүрд цагдаагийн алба хаагч буюу хэсгийн төлөөлөгчид хэлдэг, асуудлыг чадварлаг шийддэг, хүн бүр сэтгэл хангалуун үлддэг зэрэг байдал нь цагдаа болох хүслийг төрүүлсэн төдийгүй бусдад тустай дэмтэй, зөвд зөөлөн бурууд хатуу байхын чухлыг цагдаагаас мэдэрсэн нь энэхүү мэргэжилд хөтөлсөн. Цагдаагийн академид 2000 онд элсэн суралцсанаар цагдаа хэмээх хариуцлагатай бөгөөд нэр төртэй албаны босгоор алхсан түүхтэй. Амьдралынхаа 20 гаруй жилийг төрийн жинхэнэ албан хаагч, түмэн олныхоо түшиг болохыг хичээн өдөр бүр суралцаж, өөрийгөө хөгжүүлэх эрхэм зорилгыг урьтал болгон хөдөлмөрлөж байна.  


-Энхийг сахиулах ажиллагаанд зөвхөн зэвсэгт хүчнийхэн оролцдог гэсэн ойлголт одоо үгүй болжээ. Цагдаа, дотоодын цэрэг, онцгой гээд хүчний байгууллагын бүхий л салбараас үүрэг гүйцэтгэдэг болсон байна. Таны хувьд цагдаа нарыг төлөөлж олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон анхдагчуудын нэг гэж сонссон. Цагдаа нарыг төлөөлж явна гэдэг нэр хүндийг хэрэг байсан биз. Өмнөд Суданд биеэр очиж, нөхцөл байдлыг мэдрэх ямар байсан бэ?

-2015-2016 онд тухайн үеийн ЦЕГ-ын дарга, бригадын генерал Р.Чингис ажиллаж байхдаа энхийг сахиулах ажиллагаанд бие даасан цагдаагийн алба хаагч илгээх асуудлыг хөндөж, тодорхой зарим арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд 2016 онд Монгол Улсын цагдаагийн байгууллагаас анх удаа бие даасан цагдаагийн зөвлөхөөр Өмнөд Судан, Судан улсад тус бүр хоёр алба хаагч илгээсэн. Үүний нэг болж 2016-2017 онд үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх энэ цаг хугацаанд энэхүү боломжийг бусад алба хаагч нартаа нээж өгөх ялангуяа “цагдаагийн баг” буюу 160-170 алба хаагчийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулах хүслийг тээж, үүнийгээ зорилго болгон ажилласан. 2022 онд одоогийн албан тушаалд томилогдсон нь энэхүү хүсэл, мөрөөдлийг бодит болгох боломжийг олгосон ба удирдлага, хамт олны идэвхи, зүтгэл, дэмжлэгтэйгээр эрх зүйн орчныг бүрдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах, алба хаагчдыг сургах, бэлэн байдлыг хангах зэрэг томоохон ажлуудыг богино хугацаанд амжуулсан төдийгүй ойрын хугацаанд анхны цагдаагийн өргөн бүрэлдэхүүнтэй баг илгээнэ гэдэгтээ итгэлтэй байна.  




-Цагдаагийн байгууллагын гадаад харилцаа гэхээр энгийн иргэд мэдээлэл муутай байж болох юм. Гадаад харилцаагаа хөгжүүлж, өргөжүүлэх нь бүхий л байгууллагын нэн тэргүүний зорилт болжээ. Өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагын гадаад харилцаа хэр өргөжсөн бэ?

-Гэмт хэргийн үйлдлийн арга, чиг хандлага, үр дүнтэй хариу арга хэмжээ, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг эзэмших, нэвтрүүлэх, шилдэг туршлагыг судлах, нэвтрүүлэх зэрэг хэрэгцээ шаардлагаас үүдэлтэйгээр цагдаагийн байгууллага гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх, бэхжүүлэх зайлшгүй шаардлага тулгардаг. Ялангуяа цагдаагийн байгууллага нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт голлох байр суурь гүйцэтгэдэгийн хувьд дэлхий дахинд өрнөж буй олон улсын харилцааны системийн элементүүдийн өөрчлөлттэй холбоотой үр дагаварыг таньж мэдэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үр дүнтэй ажиллах чадавхтай байх нь чухал. Иймд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас дээр дурдсан шалтгаан нөхцөлд үнэлгээ, дүгнэлт хийж Монгол Улсын гадаад бодлогын болон Аюулгүй байдлын үзэл баримтлалд тулгуурлан гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн аль ч орны цагдаа, хууль сахиулах байгууллагатай гэмт хэрэг, аюул заналхийллийн талаар мэдээ мэдээллийг шуурхай солилцох, хамтран ажиллах орчныг бүрдүүлсэн. Мөн алба хаагчдын хууль сахиулах салбарын нэр хүндтэй сургалтын байгууллагуудад өргөнөөр суралцуулах замаар гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэн ажиллаж байна. 


-Цагдаагийн талаар сайн, муу олон яриа, бодол бий. Яг өнөөдөр бидний ярилцлагыг орон даяар, дэлхий дахинд олон хүн унших байх. Энэ мэргэжлийг эзэмшээд 20 гаруй жил тогоонд нь яваа алба хаагчийн хувьд цагдаагийн бахархал нь юу вэ?

-Цагдаа гэдэг нь энэхүү мэргэжлийг эзэмшихийг зорьсон, өөрийгөө хөгжүүлэхийг, төр түмэндээ зүтгэхээр шийдсэн хүнд хамгийн сайхан мэргэжил төдийгүй хамгийн тогтвортой ажлын байр юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн тусгаар тогтнол, аюулгүй байдал, нэгдмэл чанар, үзэл санааг бэхжүүлэх үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэж яваа хүмүүс бол цагдаагийн алба хаагчид. Аливаа зүйл хоёр талтай ч сайн нь саараасаа илүү их гэдгийг олон нийт ойлгодог гэж боддог. Цагдаа нар ихэвчлэн нийгмийн сүүдэртэй, бараан талд нь ажиллах шаардлагатай байдаг. Нийгмийн сүүдэртэй талд урт удаан хугацаагаар ажиллаад ирэхээр хичнээн сайн алба хаагч ч байсан болж буй үйл явдал, хүлцэшгүй зүйл зэргээс шалтгаалан бухимдах, стресстэх, алдаа гаргах магадлал нэмэгддэг. Түүнээс болж зарим үед алддаг алба хаагчид бий. Гэхдээ цагдаагийн байгууллагын удирдлагаас сүүлийн жилүүдэд энэхүү нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч стресс менежмент буюу бухимдлаа хэрхэн зохицуулах тал дээр анхаарал хандуулан мэргэжлийн сэтгэлзүйчид түлхүү ажиллаж тодорхой үр дүнд хүрч байна.  




-Тухайлбал таны хувьд энэ стресс, бухимдлаа хэрхэн зохицуулдаг юм бол?

-Миний хувьд бүрэн дүүрэн уг асуудлыг зохицуулдаг гэж хэлэх боломжгүй ч албан үүргээ гүйцэтгэхдээ дэлхий дахины цагдаа нарын барьдаг мэргэжлийн байх, ялгаатай байдлыг хүндэтгэх, зарчимдаа үнэнч байх гэсэн зарчмыг мөрдлөг болгохыг хичээдэг. Мөн сургуулийн хичээлийн нээлтийн өдөр буюу жил бүрийн есдүгээр сарын 1-нд сургууль дээр очих дуртай. Тэнд ямар ч уур бухимдал, стресс, хар буруу санаа байдаггүй. Аз жаргал, инээд хөөр бялхсан, эерэг дүр төрхийг хамгийн сайн харах, мэдрэх боломжтой орчин санагддаг. Нэг ёсондоо тэндээс бүтэн жилийн турш эрч хүчээр дүүрэн байх энергиэр хүч авдаг. Тэр хүүхдүүдийн инээд хөөр, аз жаргал тасалдах учиргүй. Тиймээс би энэ хүүхдүүдийн инээд хөөр, баяр баяслын төлөө сайн ажиллах ёстой гэсэн амлалтыг өөртөө өгч эрч хүчээ цэнэглэдэг юм. Үнэхээр аз жаргал бялхсан орчин, магадгүй ийм орчныг өөр хаана ч олж харахгүй болов уу. Хамгийн гэгээлэг, гэрэлтэй бүхэн тэнд байна. Би алба хаагчдадаа ч үүнийг зөвлөдөг. Үүнийг мэдэрсэн хүн лав буруу зүйл хийхгүй гэдэгт итгэдэг.


-Алба хаагчдыг сэтгэл зүйг хэрхэн өргөдөг вэ. Бүх зүйлийн эхэнд цагдаа зогсож байдаг. Тэр бүгдээс шантарч, зүрх зориг мохох үе цагдаагийн алба хаагчдад олон гардаг байх. Яг энэ үед тэдний сэтгэл зүйтэй ажиллах нь чухал биз?

-Шантрах үе байлгүй яах вэ. Гэхдээ 10 жил ажилласнаас хойш шантрах, сэтгэл зүйн дарамтад орох асуудал аяндаа гайгүй болдог. Ер нь хугацаа ордог алба шүү дээ. Шийдвэр гаргах ур чадварыг өөрт нь эзэмшүүлж чадвал шантрах гэдэг асуудал өөрөө холдоно. Үүнийг олон улсын судлаачид нотолсон байдаг. Цагдаагийн алба хаагч маш их шийдвэр гаргадаг. Түүнээс болж шантардаг. Харин ажлын ачааллаас болж шантрах нь ховор гэж боддог. Аливаа асуудалд олон ургалч үзлээр хандаж, олон талаас нь тунгааж, хамт олонтойгоо баг болж ажиллаж  чадвал ажлаасаа шантрах нь багасна. Тэгвэл шийдвэр гаргаж чадахгүй алба хаагч стресстэнэ, тэр хэрээр шантарна. Цагдаагийн алба хаагч төрөл бүрийн л ааш араншинтай хүмүүстэй харьцдаг. Тэр бүгдэд мэргэжлийн хандах ёстой. Өөрөөр хэлбэл, ямар ч төрлийн ааш араншинтай хүнийг ойлгох нь мэргэжлийн байх чадвар эзэмшсэн гэсэн үг юм. Тиймээс тухайн хүнийг ааш араншинг дагаж автахаас илүү мэргэжлийн ур чадвараа харуулаасай гэж нийт алба хаагчдаддаа хүсдэг. Хүнтэй харьцах ур чадварыг сайн эзэмшсэн байхад манай алба хаагчид алзахгүй ээ. Шийдвэр дандаа том байхгүй шаардлагагүй. Шийдвэр гаргах хоёр хором байсан ч нэгийг нь боддог байхад зарцуулж сурах л чухал санагддаг.  


-Ер нь салбарын яам, танай байгууллага нийт цагдаагийн алба хаагчдынхаа хөгжилд ямар бодлого барьж ажилладаг вэ. Хэр ахиц дэвшил гарав?

-Хууль зүй, дотоод хэргийн яам болон цагдаагийн байгууллагаас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, алба үүргийг хэвийн гүйцэтгэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх замаар хувь хүний хөгжлийг дээшлүүлэх замаар иргэнийхээ өмнө төрийн хүлээсэн үүргийг чанартай, үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдгийг урт болон дунд богино хугацааны төлөвлөлтөд тусгаж ажиллаж байна. Асуудлыг аль болох урьдчилан таамаглах замаар бодит эрсдэлийг бууруулах бүхий л боломжийг эрэлхийлж ажилладаг. Ялангуяа сүүлийн үед төрийн бүтээмж буюу алба хаагчдын ажлын ажлын ачаалал, бүтээмжийг нэмэгдүүлэхийг зорьж шинжлэх ухаанчаар олон талт ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэн тодорхой үр дүн, ахиц дэвшлийг бий болгож байна. Нийгмийн баталгааг хангах чиглэлд авч хэрэгжүүлж буй олон ажлын нэг нь цагдаагийн алба хаагчдад хуулиар олгогдсон баталгааг бүрэн дүүрэн эдлүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах, энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах зэрэг ажил ажил юм.


-Монголын салбарт бүрд хүний нөөц томоохон асуудал болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Цагдаад ч мөн адилхан болов уу. Орон тоо, хүний нөөцийн тал дээр хэрхэн анхаардаг юм бол?

-Хүний нөөцийн хомсдол бол зөвхөн манай улс бус дэлхий нийтийн асуудал юм. Алба хаагчид шинээр элсүүлэх ажлыг тогтмол хийдэг, үүнийг нөхөх, тогтвор суурьшилтай ажиллуулахд хүндрэлтэй хэвээр хэдий ч хүний нөөцийн оновчтой бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд анх удаа өндөр хувьтай бүрдүүлэлтийг хийгээд байгаа нь удирдлагыг менежментийн чадвартай холбоотой юм.




-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. Сүүлийн хормыг танд үлдээе. Нийт алба хаагчдадаа хандаж юу хэлэх вэ?

-Дараа үеийнхэн бүхэн өмнөх үеийнхээ мөр нь дээр тулж өнөөдөрт хүрдэг гэх зарчмыг ухамсарлан өөрсдийн цаг үед аль ч түвшинд ажиллаж байгаагаас үл хамааран төр, иргэнийхээ өмнө хариуцлага үүрсэн төрийн алба хаагч гэдгээ ухамсарлан ажиллах, мөн өөрийн үйл хэргээр улсаа урлаж буй гэдгийг цаг ямагт ухамсарлан ажиллах ёстой. Мөн монголчууд бидний түүх цаглашгүй баялаг боловч нэн харамсмаар явдлаар дүүрэн гэдгийг санаж, сэхэж сэрвийж явсан үеэсээ суралцаж, унаж уруудаж байсан үеэсээ сургамж авч, эцэг өвгөдөөс уламжлан үлдээсэн монгол ухаан, өөрсдийн мэдлэг, ур чадварыг хойч үедээ уламжуулан үлдээх нь бидний хэнтэй ч хуваалцахгүй журамт үүрэг гэдгийг мөрдлөг болгоосой гэж хүсдэгийг хэлмээр байна, бас уриалж байна. 

Связанные новости