Г.Занданшатар: Шинэтгэл өчигдрөөр биш өнөөдрөөр амьсгалж, ирээдүйд тэмүүлж байх учиртай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-03 17:08:27

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчдын үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд боллоо.


Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд Монгол Улсын нийслэл, 21 аймаг, 330 сум, яам, агентлаг, төрийн байгууллагын төлөөлөл, “Монгол Улсын Төрийн алба ба олон улсын хамтын ажиллагаа, туршлага” олон улсын форумын зочдоос бүрдсэн 800 албан хаагч оролцжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Үндэсний чуулганы төлөөлөгчдөд сонордуулж, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнд гардууллаа. Ерөнхийлөгч “Төрийн албан хаагч бүр монгол төр, ард түмэн, үндэсний язгуур эрх ашгийн төлөө, хүчин зүтгэж буйгаа гүнээ ухамсарлаж, хов жив, гүжир гүтгэлгээс ангид, эв эетэй, төрийн албан хаагчийн нэр хүндийг ямагт өндөрт өргөж, сахин хамгаалж, монгол төрийн түүхэнд зөв мөртэй, шударга үйлстэй байх учиртайг сануулья” хэмээжээ.


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа сонордууллаа. Тэрбээр, “Төрт ёсны өнө эртний түүхтэй манай улс 1990 онд зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, улмаар 1992 онд шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Энэ хүрээнд дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн нийгмийн харилцааг зохицуулах  төрөлжсөн хуулиудын тэргүүн эгнээнд Төрийн албаны тухай хууль 1994 онд баталж, орчин цагийн Төрийн албаны байгууллагын үндэс суурь тавигдсан байдаг. Монгол Улсын Төрийн албан хаагчийн тоо 1994 онд 141.5 мянга, дундаж цалин 24 мянга, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 292.8 мянган төгрөг буюу 654 ам доллар байсан бол 2024 онд нийт төрийн албан хаагчийн тоо 226.8 мянга,  дундаж цалин 2.3 сая төгрөг, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 23.4 сая  төгрөг буюу 6898 ам доллар болж өсжээ. Энэ хугацаанд Монгол улсын нийт хүн ам  2.242.998 -аас 3.544.835 болж, дотоодын нийт бүтээгдэхүүн 651.4 тэрбум төгрөгөөс 80.0 их наяд төгрөг болж өссөн байна. Төрийн албаны нэгдсэн удирдлагын тогтолцоог илүү сайжруулахад онцгой анхаарал хандуулж, орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлэх шаардлагатай байна гэв.


Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Шинэтгэл өчигдрөөр биш өнөөдрөөр амьсгалж, ирээдүйд тэмүүлж байх учиртай. Тийм ч учраас шинэ Засгийн газар, бүтээмжтэй төрийг төлөвшүүлэх шинэтгэлийг зарласан. Бүх дэлхийг хамран асар хурдтай өөрчлөгдөж байгаа нийгэм, улс төрийн тогтолцоонд төрийн албаны үүрэг, үйлчилгээ, шинж төрх, ач холбогдол байнга шинэчлэгдсээр байна” Үндэсний чуулганы төлөөлөгчид энэ шинэтгэлд түүчээлж ажиллахыг уриаллаа.


Монгол Улсын Их Хурлын 1995 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 62 дугаар тогтоолоор Монгол Улсын Төрийн захиргааны албаны зөвлөлийн орон тооны анхны гишүүнээр Л.Лингов, Н.Чадраабал, Х.Шаандар нарыг томилж байсан бөгөөд чуулганы үеэр төрийн албаны төв байгууллагын анхдагчдад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хүндэтгэл үзүүллээ.


Связанные новости