Игавахара Масарү: Японы Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны айлчлал нь хоёр орны харилцаанд шинэ хуудсыг нээх алхам болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүтай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны тухай ярилцлаа.
-Япон орон ямагт монголчуудын сонирхлыг татаж байдаг.
Хоёр улсын харилцаа хэзээнээс эхтэй гэж та үздэг вэ? Хоёр орны харилцааны
түүхэн хөгжил, өрнөлөөс та ямар чухал цаг үеийг онцлох вэ?
-Олон монгол хүмүүс Япон орныг сонирхож, дотночилж үздэгт
баяртай байна. Япончууд бид ч мөн адил Монгол оронд элэгсэг дотно ханддаг
билээ.
Япон, Монголын харилцааны түүхийг эрдэмтэн, судлаачид өнө
эртнээс улбаатай гэж үздэг бөгөөд энэхүү харилцааг ихээхэн өөрчилсөн нь яахын
аргагүй Монгол Улс ардчилалд шилжсэн 1990 он гэж хэлж болно. Энэ жил Монгол Улс
ардчилсан тогтолцоонд шилжсэний 35 жилийн ой тохиож байна. Өөрөөр хэлбэл,
Монгол, Япон хоёр улс ардчилал, хүний эрх, эрх зүйт төр хэмээх нийтлэг үнэт
зүйлсийн дор 35 жилийг хамтдаа туулж ирсэн гэсэн үг юм.
-ЖАЙКА зэрэг Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёны
тусламж (ODA)-ийн хөтөлбөр төслүүдийг Монголын дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол
зэрэг салбарт хэрэгжүүлсэн. Эдгээрээс аль нь хамгийн их бодитой үр дүнд хүрсэн
гэж та үзэж байна вэ?
-Япон Улсын Засгийн газар
Монгол Улсад үзүүлэх Хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ) нь 1977 онд байгуулсан
Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт үндэслэн буцалтгүй тусламжаар
хэрэгжсэн “Говь” ноолуурын үйлдвэрийг барьж, байгуулснаар эхэлсэн. 1989 он
хүртэл дадлагажигч хүлээн авах, мэргэжилтэн томилох, тоног төхөөрөмж нийлүүлэх
зэрэгт голлосон техникийн хамтын ажиллагаа болоод соёлын буцалтгүй тусламж
гэсэн салбараар л хязгаарлагдаж байлаа. Монгол Улс социалист нийгмийн
тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойш буцалтгүй тусламжийн
хөтөлбөрөөр идэвхтэй дэмжлэг үзүүлж эхлэхийн зэрэгцээ иенийн хөнгөлөлттэй
зээлийг анх удаа олгосноор Япон Улсаас Монгол Улсад үзүүлэх ХАЁТ олон салбарт бодитой
хэрэгжих болсон билээ. Ардчилсан шилжилтийн хамгийн хүнд хэцүү үед Япон Улсаас
Моңгол Улсад үзүүлсэн тусламж туйлын чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд одоо ч монгол
орны бүтээн байгуулалтыг авч явах хүний нөөцийг тууштай хөгжүүлж байна. 2024 он
хүртэл үзүүлсэн тусламжийн нийт дүн 370 тэрбум иен (2.56 тэрбум ам.доллар)-д хүрсэн
байна.
Бүх тусламж цагаа олсон, өндөр үр өгөөжтэй хэрэгжсэн. Ялангуяа, миний онцлон дурдахыг хүсэж байгаа төсөл бол яахын аргагүй иенийн хөнгөлөлттэй зээлээр баригдсан “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал” юм.
Солилцох ноот бичигт гарын үсэг 2008 онд зурж, 2013 онд барилгын ажил эхэлж
2017 онд дуусаж, 2020 онд нээлтээ хийсэн энэ төсөл маш урт хугацааны дүнд
биеллээ олсон. Нийт 65 тэрбум 657 сая иен зарцуулсан томоохон төслийн нэг юм. Олон
улсын агаарын тээврийн зорчигчдын тоо 1999 онд 140 мянга орчим байсан бол 2024
оны байдлаар 1 сая 750 мянга болж өссөн.
"Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлын анхны нислэгийн ёслолын үеэр
"Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор нисэх онгоцны буудалд итгэх итгэл, аюулгүй байдал дээшилж, “GO MONGOLIA” санаачилгыг эрчимжүүлэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болсон. Түүнчлэн агаарын ачаа тээврийн хэмжээ нэмэгдэж, нисэх онгоцны буудал орчмын хөгжил зэрэг эдийн засгийн өндөр үр өгөөжтэй бөгөөд Монгол орныг олон улсын түвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулж чадлаа. Цаашилбал, энэ оны 1-р сард Япон Улсын Засгийн газар Монгол Улсад иенийн хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээн олгохоор шийдвэрлэсэн билээ.
Ингэснээр цаашид өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагад нийцүүлэх үүднээс "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын өргөтгөл гэх мэтчилэн Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулах дэд бүтцийг хөгжүүлэхэд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулж чадна хэмээн бодож байна.
-Таны хувьд, Монголын нийгэмд мартагдашгүй нөлөө үзүүлсэн “Өвсний үндэс” төслийн хамгийн онцгой жишээнэээс хуваалцаж болох уу?
-Монгол Улсад үзүүлэх “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг ч мөн адил 1990 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш энэ жил 35 жилийн ойтойгоо золгож байна. Өнөөг хүртэл 35 жилийн хугацаанд 613 төсөл хэрэгжсэн.Төслийн нийт хэмжээ ойролцоогоор 48 сая ам.доллар болсон юм (2025 оны 3 сарын эцсийн байдлаар). "Өвсний үндэс хөтөлбөр"-ийн төслүүд харьцангуй бага хэмжээтэй учраас нийгэмд томоохон нөлөө үзүүлэхгүй хэдий ч тухайн орон нутгийн ард иргэдэд үзүүлэх шууд үр нөлөө, өгөөж маш их. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй ариун цэврийн өрөө, хүйтэн анги танхимуудыг "Өвсний үндэс" төслийн хүрээнд засварлаж, сэтгэл тайван сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлэх нь Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад үзүүлэх тусламжийн “Бүх хүмүүст тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоох” чиглэлтэй нийцдэг бөгөөд засвар хийсний дараа цэцэрлэг, сургууль, эмнэлэгт ирэх багш, сурагчид, өвчтөнүүдийн инээмсэглэсэн царайг харах нь юунаас ч илүү баяр хөөрийг бэлэглэдэг.
-Монгол-Япон улсын хооронд байгуулсан Эдийн засгийн
түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийн үр шимийг хоёр тал хэр ашиглаж байна вэ? Японы
хөрөнгө оруулалтыг Монголд нэмэгдүүлэх ямар шинэ боломж аль салбарт байна гэж
үзэж байна вэ?
-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ) нь эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд нэн чухал юм. Япон, Монгол хоёр улс ЭЗТХ байгуулсан хэдий ч худалдааны тэнцвэргүй байдал буурахгүй байна гэхийг сонсож байсан. ЭЗТХ нь худалдаа, гаалийн татварыг чөлөөлснөөр худалдааны тэнцвэргүй байдлыг тэр дор нь арилгах зорилготой бус бөгөөд хөрөнгө оруулалт, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, цахим худалдаа болоод хөрөнгө оруулалтын орчин зэрэг худалдааны салбар дахь өргөн хүрээтэй хамтын ажиллагааг дэмжих явдал юм.
ЭЗТХ-ээр дамжин худалдаа төдийгүй эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн тулд эдгээр салбарыг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан ашигтай харилцааг хөгжүүлэх нь хоёр орны хувьд чухал хэмээн бодож байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод Япон,
Монголын худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг
асуудлыг хэлэлцэх “Япон, Монголын Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт”-ыг
зохион байгуулсан. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэх
дижитал, эрүүл мэнд, гарааны бизнес, бизнесийн орчныг сайжруулах “Япон,
Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг үр дүнтэй ашиглах зэрэг
ирээдүйд хамтран ажиллах боломжийн талаар хоёр тал бодит жишээнүүдийг хуваалцан
хэлэлцүүлэг өрнүүлж, эдгээр салбар дахь хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхээр
зорьж байна. Нэмж хэлэхэд, Эдийн
засаг, хөгжлийн яам болон Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай Японы орон
нутгийн худалдаа аж үйлдвэрийн танхим болон МХАҮТ болон түүний салбар байгууллага
хоорондын харилцааг бэхжүүлэх талаар санал бодлоо солилцож байна.
Мөн энэ оны 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл “Осака-Кансай ЭКСПО 2025” олон улсын
үзэсгэлэнг зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэнгээр дамжин олон япон хүнд Монголын талаар
таниулж, дотно сэтгэгдэл төрүүлснээр эдийн засгийн харилцаа улам өргөжин гүнзгийрээсэй
хэмээн хүсэж байна.
-Хоёр орны харилцаанд жирийн иргэдийн харилцан ойлголцол
нэн чухал байдаг. Энэ бол хоёр орны харилцааг зорилготой, гэрэл гэгээтэй,
баялаг болгодог. Хувь хүний хувьд талархууштай, дурсамжтай харилцааны жишээнээс
хуваалцаж болох уу?
-Япон, монголчуудын “Хүн хоорондын сэтгэл хөдлөм харилцаа"-ны талаар нэлээд их сонсож байсан. Японы алдарт зохиолч агсан Шиба Рёотаро Улаанбаатар зочид буудалд ажиллаж байсан орчуулагч агсан Б.Цэвэгмаатай уулзаж байсан тухай олон хүн мэддэг болов уу. Аян замын тэмдэглэл бичихээр 1973 онд Монголыг зорин ирсэн зохиолч Р.Шиба япон хэлний орчуулагч Б.Цэвэгмаатай уулзсан ч тухайн үеийн хоёр орны нийгмийн тогтолцооны ялгаанаас болж түүний амьдралын талаар дэлгэрэнгүй сонсож чадаагүй ажээ. Монголд 1990 онд дахин ирсэн зохиолч Р.Шиба Б.Цэвэгмаатай уулзаж түүнээс ярилцлага авч "Тал нутгийн тэмдэглэл" хэмээх номоо бичсэн байдаг. Хэдий Б.Цэвэгмаа гуайд олон зовлон бэрхшээл тулгарсан ч амьдралыг ухаалаг бөгөөд хатуужилтай туулсан монгол эмэгтэйн амьдрал бидэнд гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Түүний ганц охин Б.Имина болон түүний нөхөр Ж.Баатарцогт нар одоо ч бидэнтэй гэр бүлийн сайн найзууд бөгөөд ээж Б.Цэвэгмаагийнхаа хүслийг үргэлжлүүлж Япон, Монголын харилцааны төлөө хүчин чармайлт гаргаж буйд талархаад баршгүй.
Мөн Чингэлтэй дүүргийн “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнд С.Өлзийтогтох хэмээх жирийн нэгэн залуу өөрийн эзэмшиж ашиглах эрх авсан газар нь олзлогдсон япон иргэд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад зориулан чулуу олборлож байсан гэдгийг мэдээд энэ түүхийг хойч үедээ танин мэдүүлэх зорилгоор гэр музей байгуулан олон нийтэд танилцуулж байна. Японтой огт холбоогүй, түүхч биш жирийн нэгэн монгол залуу хоёр орны харилцааны үл мэдэгдэх түүхийг судалж, олон хүнд хүргэхийг зорьж буй чин сэтгэлд туйлын ихээр талархаж байна.
Энэ цэцэрлэгт хүрээлэнд ойр орчмын нь хүмүүс зундаа завиар хөвж, өвөлдөө тэшүүрээр гулгаж хөгжилдөхөөс гадна гадаадын жуулчид ирж олзлогдсон япон иргэд болоод Улаанбаатар хотын түүхийн талаар мэдэх онцгой нэгэн газар болжээ. Энэ мэтчилэн жирийн ард иргэдийн харилцаа Япон, Монгол хоёр орны харилцааг өнгөрсөн, одоо үеийнхтэй адил ирээдүйд ч улам ойртуулан бэхжүүлэх нь дамжиггүй.
-Японд боловсрол эзэмшсэн залуус хоёр орны хооронд гүүр болж хэрхэн ажиллаж байна гэж та дүгнэж байна вэ?
- Анхны монгол оюутан 1976 онд Засгийн газрын тэтгэлгээр Японд суралцах болсноос хойш эдүгээ 50 жилийн босгон дээр ирсэн байна. Энэ хугацаанд Японы Засгийн газрын тэтгэлгээр Монголоос 2000 орчим хүн суралцаж, цаашлаад хувийн зардлаар суралцаж буйг оруулбал Японд сурах хүний тоо нэмэгдсээр байна. Японд суралцан төгсөж ирсэн монгол оюутнуудын бүлэг болох “ЖУГАМО” нийгэмлэгийн гишүүд гэхэд л 2000 даваад байна.
Засгийн газрын тэтгэлэг болон хувийн зардлаар суралцсан хүмүүсийн цуваа түүнээс хойш ч үргэлжлэн хөвөрсөөр байна. Тэдний хүн нэг бүрийн хувь нэмэр Монголын нийгэмд үндэслэн соёолж, хоёр орны харилцааг урагш ахиулахад үлэмж их нөлөө үзүүлж ирсэн. Энэхүү давлагаа одоо ч үргэлжилж байгаа.
Би энд Монголын хүний нөөцийн хөгжилд чиглэсэн Японы Засгийн газраас шинээр хэрэгжүүлж буй хоёр хөтөлбөрийг онцлон танилцуулахыг хүсэж байна. Нэг нь “Инженер технологийн дээд боловсрол” буюу M-JEED төслийг нэрлэж болно.
Энэ нь Монголд 1000 инженер бэлтгэх төсөл гэж нэрлэгддэг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн иений хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд 1098 хүн хамрагдан Японд очсон. Тэднээс 1058 хүн суралцаж, судалгааны ажлаа дуусаад хэдийн эх орондоо эргэн ирээд байна. Дээрх хөтөлбөрийг Монголын эдийн засгийг бүхэлд нь хөдөлгөх аж үйлдвэрийг төрөлжүүлэх, түүнийг бодит болгох зорилготой, өргөн хүрээний салбарыг хамарч хүний нөөцийг бэлтгэхэд чиглэсэн урьтал хөтөлбөр гэж хэлж болох юм.
Одоо хөтөлбөрийн 2 дахь үе шатыг эхлүүлэх талаар судалж байна. Хоёрт нь 2001 оноос эхэлсэн залуу төрийн албан хаагчдад зориулсан JDS хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр нь Монголын засаглалын чадавхыг дээшлүүлэх зорилготой бөгөөд оюутан бус, төв болон орон нутгийн төр, захиргааны байгууллагад ажиллаж буй хүмүүсийг хамруулан Японд суралцах боломж олгодог.
Залуу төрийн албан хаагчдын мэдлэгт
суурилсан Японы олон салбар дахь ололт, амжилт, алдаа дутагдлын жишээнээс
суралцах хөтөлбөр юм. Монголоос өнөөг хүртэл 430 орчим хүн суралцсанаас 384 хүн
эргэн ирж, тус тусын захиргааны байгууллага, Монгол банк зэрэгт амжилттай
ажиллаж байна. Энэ мэт өргөн цар хүрээтэй тогтолцоог тууштай үргэлжлүүлж, давлагааг
улам тэлснээр монголын олон боловсон хүчин дэлхийн даяар Монгол Улсаа хөгжүүлэхийн
төлөө амжилттай ажиллаасай хэмээн хүсэж байна.
-Та монгол оронд анх ирснээс хойш 27 жил болжээ. 1991 онд
Япон Улсын Засгийн газрын тэргүүний Монгол Улсад хийсэн анхны айлчлалын бэлтгэл
ажлыг хангах багт ажиллаж байжээ. Түүнээс хойш Монголд өрнөсөн ямар өөрчлөлт
танд сонирхолтой санагддаг вэ?
-Монгол Улс
баялаг уламжлалт соёлыг өвлөн, олон улсын хэмжээнд эрчимтэй хөгжиж байгаа нь их
сонирхолтой санагддаг. Монгол хүн гадаад улсад сурч, ажиллахдаа эргэлзэж тээнэгэлзэлгүй
ажиллах тэнхээтэй, олон гадаад хэлтэй, угаас сэргэлэн, хүчирхэг байдлаараа
дэлхийн хаана ч амжилттай ажиллахад нөлөөлдөг. Ингэхдээ эх орноо үргэлж
сэтгэлдээ тээн, хэдэн жилийн дараагаар гадаадад олж авсан эрдэм, мэдлэгээ
өвөртлөн ирж, эх орныхоо хөгжилд тус нэмэр болох олон хүн бий гэж боддог. Японд
сурч, хөдөлмөрлөж байсан хүмүүс одоо Монголын хөгжилд хувь нэмрээ оруулж байгааг
харах нь урам зориг, итгэл найдвар төрүүлж байна.
1991 онд “барууны орон”-ы Засгийн газрын тэргүүний хувиар Монгол Улсад анх удаа айлчлал хийх болсон Ерөнхий сайд Кайфүгийн айлчлалын бэлтгэл ажилд миний бие оролцож байсан. Энэ үеэр хоёр орны хооронд шинэ харилцаа бий болгох арга замыг эрэлхийлж байлаа.
Монгол Улс ардчилалд шилжсэн даруйд олон асуудалтай тулгарсан ч бид үргэлж
Монгол Улсад хүндэтгэлтэй хандаж, Япон Улсын хувьд яаж хувь нэмэр болох талаар
шаргуу бодож байсныг санаж байна. Одоо тэр үетэй харьцуулахад бидний
хуримтлуулж ирсэн итгэлцлийн харилцаа улам батжиж, Япон, Монгол хоёр улс бүхий
салбарт хамтын ажиллагаа өрнүүлж, түншийн хувиар замнаж ирсэн түүх үлдсэнд
сэтгэл өег байна.
-Японы Цог Жавхлант Эзэн Хаан болон Эрхэм дээд Хатны хамт
дэлгэр зуны цагаар сайхан Монгол оронд маань айлчлах гэж байна. Энэ нь хоёр
орны харилцаанд ямар шинэ түвшинг авчирна гэж та үзэж байна вэ?
-Японы Цог
Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны айлчлал нь Япон, Монгол хоёр улсын
харилцааны түүхийн хуудаснаа алтан үсгээр тэмдэглэн үлдэх түүхэн чухал ач
холбогдолтой үйл явдал юм. Юуны өмнө, Үндэсний их баяр наадам ч болдог 7 дугаар
сарын гайхалтай үеэр айлчлал болох гэж байгаа нь монгол хүнд бахархууштай зүйл
гэж санагдаж байна. Эзэн Хаан болон Эрхэм дээд Хатанд Монголын ард түмэн
хамгийн их дээдэлдэг бүхнээ толилуулахаар ёслол хүндэтгэлтэй хүлээн авч байгаад
миний хувьд туйлын их баяртай байна.
Хоёрт, Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монголын ард түмний халуун, дотно сэтгэлийг хүлээн авсан нь монгол орныг хэчнээн их чухалчилж үздэгийн илрэл болов уу гэж бодож байна.
Чухамдаа, Эзэн Хаан хаан ширээнээ залагдсанаас хойших 7 жилийн хугацаанд
2023 онд Индонез, 2024 онд Их Британид сайн санааны айлчлал хийсэн бөгөөд түүний
дараа залгаад гурав дахь орон нь Монгол Улс болж байгаа нь хүндэтгэлтэй үйл
явдал билээ.
Энэ удаагийн
айлчлал нь Япон, Монгол хоёр орны өнөөг хүртэлх олон салбарт хөгжиж ирсэн
харилцаанд шинэ хуудсыг нээх алхам болно. Эзэн Хаан болон Эрхэм дээд Хатан
нарын айлчлалын өмнө, бидний үеийнхэн өмнөх үеэсээ өвлөн авсан Япон, Монгол
хоёр улсын итгэлцэлд тулгуурлан бий болсон ач тусыг илүү гүнзгий бөгөөд өргөн
хүрээнд хойч залуу үедээ өвлүүлэн үлдээхийг зорьж байгаагаа энд дахин илэрхийлж
байна.
-Та хоёр орны харилцааны ирээдүйг хэрхэн төсөөлж байна
вэ?
-Япон, Монгол
хоёр улс “Энх тайван хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түнш” билээ. Хоёр
улс Ази, цаашлаад дэлхийд хамгийн энх тайванч, ардчилсан, баялаг өв соёлыг
түгээгч түншийн хувиар хамтдаа оршин тогтнож, тэрхүү сэтгэл татам байдлаараа
ирээдүйг гэрэлтүүлэх нь миний бодож явдаг хүсэл.
Монгол Улс дэлхийн олон улс оронтой нээлттэй харилцаатай байдаг давуу талтай. Харин Япон Улс миний бодлоор хамгийн их энх тайвныг эрхэмлэдэг өвөрмөц соёлтой, хүн төрөлхтний энх тайвны төлөө хувь нэмрээ оруулах өндөр эрмэлзэлтэй улс.
Ийм хоёр
улс одоо найрсаг, итгэлцлийг харилцаа тогтоогоод байгаа ч энэ харилцааг бид
бүхэн бас бидний хойч үе, түүний дараах үеийнхэн ч 50 жил, 100 жилийн дараа
улам сайн тал руу нь хөгжүүлж, хоёр улс хамгийн гайхалтай бүхнийг Азийн бүс
нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн орнуудад түгээн дамжуулдаг, ард түмэн
түүнийг нь таатай хүлээн авдаг улс болж мөн түнш улс хэвээр хамтдаа оршсоор
байх нь миний хүлээж буй хүсэл юм. Энэ бүхнийг дэлхий нийт ойлгон хүлээн авч,
Япон, Монгол хоёр орны харилцааг сайшаан үнэлэх цаг ирнэ хэмээн бодож байна.