Хүн дүрст роботуудын хөл бөмбөгийн тэмцээн болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /New York Post/. Хүн дүрст роботууд оролцсон дэлхийд анхны хөл бөмбөгийн тэмцээн Хятадын нийслэл Бээжин хотноо бямба гарагт болжээ.
Уг тэмцээний үеэр роботууд хиймэл оюунаар удирдуулж, гаднаас ямар нэгэн оролцоогүйгээр бие даан тоглож, бөмбөг булааж, хаалга руу цохиж байв. Финалын тоглолтод урьдчилсан шалгаруулалтаар тодорсон Хятадын дөрвөн баг өрсөлдсөн байна.
Энэхүү тэмцээн нь 3х3 хэлбэрээр зохион байгуулсан роботуудын анхны тэмцээн төдийгүй 2025 онд болох Дэлхийн хүн дүрст роботуудын наадмын өмнөх туршилтын тэмцээн гэдгийг зохион байгуулагчид нь онцолжээ. Тэмцээнийг таван минутын завсарлагатайгаар 10 минут үргэлжлэх хоёр үетэй зохион байгуулсан байна. Роботуудын хөдөлгөөн зарим талаар болхи байсан ч бие даан ажиллах чадвараа маш сайн харуулжээ.
Роботуудад бөмбөг таних болон орон зайд чиг баримжаагаа олох камер, мэдрэгчүүд суурилуулжээ. Харааны мэдээлэл боловсруулах систем нь оптик камерт суурилсан бөгөөд бөмбөгний цагаан өнгийг алдаагүй танихын тулд зохион бүтээгчид роботууд, шүүгчид болон ажилтнуудын хувцаслалтаас цагаан өнгийг хассан байна.
Тоглогч роботуудыг сургахдаа “туршилт ба алдааны" аргаар сайжирдаг машин сургалтын алгоритмыг ашиглажээ. Ингэснээр тоглогч роботууд бие даан шийдвэр гаргах чадварт суралцсан байна. “Booster Robotics” компанийг үүсгэн байгуулагч Чэн Хаогийн тайлбарласнаар, роботууд 20 метр хүртэлх зайд бөмбөгийг 90 гаруй хувийн нарийвчлалтай таньдаг ажээ. Мөн бөмбөг, хаалга болон багийнхаа тоглогчийн байрлалд дүн шинжилгээ хийснийхээ дараа бөмбөгийг дамжуулах эсвэл хаалга руу цохих гэх зэрэг оновчтой үйлдлийг сонгодог байна.