ПСЖ, “Бавариа” багууд шөвгийн 8-д учраа таарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 30. /ТАСС/. Ням гарагт шилжих шөнө АНУ-ын Жоржиа муж улсын Атланта хотод болсон клубүүдийн ДАШТ-ий шөвгийн 16-гийн тоглолтод Францын “Пари Сен-Жермен” баг Америкийн “Интер Майами” багийг 4:0 харьцаагаар хожсоноор шөвгийн 8-д шалгарлаа.
ПСЖ-ийн Жоау Невеш (6 ба 39 дэх
минут), Ашраф Хакими (45+3) нар гоол оруулсан бол “Интер Майами”-гийн хамгаалагч
Томас Авилес өөрийн хаалганд авто гоол оруулжээ.
"Интер Майами" багийн
ахлагч нь Аргентины довтлогч
Лионел Месси бөгөөд тэрбээр 2023 онд ПСЖ-ээс тус багт шилжин ирсэн билээ. Месси 2021-2023 онуудад ПСЖ-д
тоглохдоо хоёр удаа Францын аваргаар шалгарч, нэг удаа Францын Супер цомын эзэн
болсон юм. Тэрбээр тус клубийн бүрэлдэхүүнд 75 тоглолтод оролцохдоо 32 гоол
оруулж, 35 оновчтой дамжуулалт өгчээ.
Одоо шөвгийн 8-д парисчууд Германы “Бавариа” багтай тоглоно. Германы баг ням гарагт АНУ-ын Флорида муж улсын Майами-Гарденс хотод болсон шөвгийн 16-гийн тоглолтод Бразилын “Фламенго” багийг 4:2 харьцаагаар хожсоноор шөвгийн 8-д шалгарлаа. Тоглолтын 6 дахь минутанд “Фламенго”-гийн Эрик Пульгар өөрийн хаалганд авто гоол хийсэн бол “Бавариа” багийн Гарри Кейн (9 ба 73 дахь минут), Леон Горецка (41) нар, “Фламенго”-гийн Жерсон (33), Жоржиньо (55, 11 м-ийн торгуулийн цохилт) нар өрсөлдөгчийнхөө хаалганд бөмбөг оруулсан байна.
Саяхан сэтгүүлч Вене Касагранде Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ, клубүүдийн
ДАШТ-ий дараа Жерсон “Зенит” багт шилжин тоглоно гэсэн бол “Зенит”-ийн ТУЗ-ийн
дарга Александр Медведев үүнийг баталсан байна.
Шөвгийн 8-д хоорондоо тоглох ПСЖ, “Бавариа” багууд өмнө нь Аваргуудын лигийн
тэмцээний үндсэн шатанд учраа таарахад германчууд 1:0-ээр хожиж байжээ.