Иракт хоёр удаагийн халдлагын улмаас 24 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-11-08 09:26:06

БАГДАД. /NHK/. “Лалын улс” бүлэглэлийнхэн Иракт хоёр удаа халдлага үйлдэж, наад зах нь 24 хүний амийг хөнөөсөн байна.

Ням гарагт нэгэн амиа золиослогч Тикрит хотын шалган нэвтрүүлэх цэгт тэсрэх бөмбөг ачсан автомашиныг дэлбэлжээ. Тус хот нь Мосул хотоос өмнө зүгт 200 км-ийн зайд оршдог байна. Халдлагын улмаас наад зах нь 14 хүн амиа алджээ.

Харин Тикрит хотоос өмнө зүгт орших Самарре хотод өөр нэгэн амиа золиослогч шиит шашинтнуудын нэгэн байгууллагын байрны өмнөх зогсоол дээр автомашин дэлбэлсний улмаас 10 хүн амиа алдсан байна. 

Дээрх хоёр халдлага гарсны дараа “Лалын улс” бүлэглэл цахим хуудсаараа мэдэгдэл хийж, халдлага үйлдсэнээ зарласан байна. Халдлага үйлдсэн амиа золиослогчид Мосул хотоос ирсэн гэж мэдэгдэлд дурджээ.

Энэ өдрүүдэд Иракийн Засгийн газрын цэргүүд Мосул хотын зүүн хэсгийг алхам алхмаар хяналтдаа оруулсаар байна.

Д.Нямтулга

 

Связанные новости