Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Гадаад хэргийн сайд Такэши Иваяа мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-24 09:18:51

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар дахин томилогдсонд баяр хүргэж, Япон Улсын Гадаад хэргийн сайд Такэши Иваяа захидал ирүүлэв. 

 

Захидалд "Монгол Улсын Гадаад харилцааны сайд Эрхэмсэг хатагтай Батмөнхийн Батцэцэг Танаа. Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар улиран томилогдсонд Танд чин сэтгэлийн баяр хүргэе. 


Сайд Таны Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр баялаг агуулга бүхий, үр дүнтэй санал солилцсоныг тэмдэглэхэд таатай байна. Эрхэмсэг хатагтай Гадаад харилцааны сайд Тантай манай хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн “Үйл ажиллагааны хөтөлбөр” 2022-2031-ийн бодит хэрэгжилтийг тууштай хангаж, цаашид ч нягт хамтран ажиллахдаа баяртай байна. 


Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар долоодугаар сарын эхээр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөж буй бөгөөд энэ он манай хоёр улсын харилцаанд түүхэн тэмдэглэлт жил болж байна.Энэхүү айлчлалаар дамжуулан манай хоёр улсын найрсаг харилцаа, найрамдал нөхөрлөл улам бүр өргөжин батжина гэдэгт итгэлтэй байна. 


Эрхэмсэг хатагтай Гадаад харилцааны Сайд Танд эрүүл энх, аз жаргал, Монгол Улс, Монголын ард иргэдэд хөгжил цэцэглэлт, сайн сайхныг хүсэн ерөөе" гэжээ. 

 

Связанные новости