Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт, дадлага эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНФУ дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулж байгаа “Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт, дадлага НОБГ-т өнөөдөр эхэллээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ярихдаа, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөл”-ийг эхлүүлж, Агаараас эрэн хайх, аврах 3 нэгж нисдэг тэрэг, сургалтын байгууламж нийлүүлж, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги байгуулсан. Тус төслийн хоёрдугаар шат буюу “Онцгой байдлын байгууллагын Агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах” төслийн хүрээнд нисдэг тэрэгний нисгэгч, инженер, техникийн ажилтан, аврагчдыг сургаж бэлтгэх үйл ажиллагаа явж байна. Эдгээр төсөл Монгол Улсын гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэхэд төдийгүй хоёр орны харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг энд онцлон тэмдэглэе. Бүгд Найрамдах Франц Улсын Анагаах ухааны академийн сангийн эрдэм шинжилгээний зөвлөлийн нисгэгч, эмч, сувилагч нар нисдэг тэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ажилтнуудын онол, практикын мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх, тусламж үзүүлэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байна” гэв.
Харин БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрера, хоёр орны хамтын ажиллагааны нэгэн шинэ хуудсыг энэхүү сургалтаар нэмэгдүүлж байгаад баяртай байна гээд Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа нисдэг тэрэгтэй түргэн тусламжийн сургалтад амжилт хүсэв.
Энэхүү сургалтад ЗХЖШ-ын Агаарын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 065, 303, 337 дугаар анги, ХХЕГ, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, ЭМЯ, ЭХЭХҮТ, Улсын I, II, III төв эмнэлэг, ГССҮТ, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн холбогдох эмч, мэргэжилнүүд оролцож байна.
Энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтад ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, 09, 113, 111, 120, 119 дүгээр анги, НОБГ, Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эмч, сэтгэлзүйч хамрагдаж байгаа аж.