Д.Сүнжид: Ахмад настныг нийгмийн идэвхтэй иргэн гэж үзэн тэдний оролцоог дэмжих хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хүний эрхийн үндэсний комиссоос зохион байгуулж буй “Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази, Номхон далайн бүсийн форум өнөөдөр эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү форумд оролцогчид Ази, Номхон далайн бүс нутгийн түвшинд туршлага судалж, ахмадын эрхийн конвенц батлуулах ажлын үр дүнг ахиулах ач холбогдолтой. Мөн бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна форумын үр дүнд ахмадын эрхийн талаар “Улаанбаатарын уриалга” гаргаж, эрх зөрчиж байгаа байдлыг танин мэдэх, цаашид түгээн дэлгэрүүлж НҮБ-ын Ахмадын конвенцыг батлахыг дэмжих зорилготой юм.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, “Ахмад настнууд нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл, чадвартай гэдэгтээ итгэлтэй байх, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, асаргаа, сувилгаа зэрэг нийтлэг үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь зүй ёсны шаардлага боллоо. Монголчууд нялхсаа тэтгэж, өтгөсийг асран хүндэлдэг ёс заншил, уламжлалтай ард түмэн. Өөрчлөгдөн буй нийгэм, технологи, өрх гэр, хүн ам зүйн нөхцөл байдалд ахмад настныг нийгмийн идэвхтэй иргэн гэж үзэх, тэдний оролцоог хүлээн зөвшөөрч дэмжих, эрхийг баталгаажуулахад олон талт хүчин зүйлийг тооцоолох учиртай. Энэхүү форум нь бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан туршлага солилцох, ахмадуудын эрхийн төлөөх үзэл санааг нэгтгэх индэр болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Филиппиний ХЭК-ын гишүүн Беда Эпрес, “Манай улсын хувьд ахмадын
нөхцөл байдал Монгол Улсаас төдийлөн
ялгарахгүй. 60-65 нас хүрээд өндөр настны тэтгэвэртээ гарсны дараа нийгэмшиж
чадахгүй асуудал үүсдэг. Гурван жилийн өмнө Филиппиний засгийн газраас ахмадын эрхэд
чиглэсэн үйл ажиллагаа явуулах байгууллага бий болж, тэдний санаа бодлыг сонсохын
зэрэгцээ холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Ахмад настны асуудал
хариуцсан үндэсний комисстой болсон нь дэвшил юм. Залуучууд ахмадуудыг гэрээсээ
гардаггүй, идэвхгүй гэж үзэх хандлага бий. Энэ нь тухайн хүмүүсийн оролцоог
хангасан үйл ажиллагаа байдаггүйтэй холбоотой. Үүнийг арилгахын тулд тэдний
оролцоог идэвхжүүлэх хэрэгтэй” хэмээн ярилаа.
2010 онд Монгол Улсын хүн амын дунд 60 болон түүнээс дээш насныхны эзлэх
хувь 5.8 хувь байсан бол өнгөрсөн жилийн байдлаар 11 хувь болж хоёр дахин
нэмэгджээ. Харин дэлхий дахинд ахмад настны тоо 2050 онд одоогийнхоос хоёр
дахин нэмэгдэж, 1.5 тэрбумд хүрэх төлөвтэй байгааг НҮБ-ын Хүн амын сангаас
мэдээлсэн байна. Тухайлбал, 2019-2050 онд дэлхийн бүх бүс нутагт ахмад
настнуудын тоо өснө. Түүнээс хамгийн өндөр өсөлт Зүүн, Зүүн Өмнөд Азид
бүртгэгдэж, 2050 онд 573 саяд хүрэх ажээ.