Хуан Хэ Лөү буюу Шар тогорууны цамхаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-06-17 10:14:30

Ухань, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотын төвд Хуан Хэ Лөү буюу Шар тогорууны цамхаг хэмээх аялал жуулчлалын цогцолборын тухай үзэж сонссоноо хуваалцъя.


Хөх мөрний эрэг дагуу орших энэ газарт усны гармын ойролцоо нутгийн иргэд садан төрлөө тосон авч бас үдэн гаргадаг уламжлал тогтжээ.


Өөрөөр хэлбэл, хот руу орох гарах хаалга энд буй. Мөн нутгийн яруу найрагчид, зохиолчид садан төрлийнхөө хүнийг үдэн гаргаж, угтан авах үедээ сэтгэл хөдлөн олон арван шүлэг зохиол бичиж үлдээсэн байна.


Энэ нутагт урт цагаан сахалтай нэгэн өвгөн амьдардаг байсан бөгөөд зочдод үйлчлэх цайны газраас хоол авч идэж, архи уухдаа мөнгийг нь төлдөггүй байжээ.


Ирэх болгондоо архи уудаг бөгөөд мөнгөө төлөлгүй жил гаруй болсонд цайны газрын эзэн нэг удаа "Та манайд ирээд үнэгүй хоол, архи байнга авч идэж, уух юм, мөнгөө төлнө үү" гэжээ


Харин үүний хариуд өвгөн "Би танд нэгэн шар тогоруу зурж өгье" гээд хулсны ишээр тогоруу зуржээ. Гэтэл тэр тогоруу нь ид шидтэй байсан төдийгүй заримдаа амилдаг болов.


Үүнээс үүдэж тэр цайны газарт хүмүүс их ирж үйлчлүүлдэг болсноор цайны газрын эзний ашиг орлого нэмэгдэж баяжсан түүхтэй ажээ.


Нэг өдөр өвгөн ирээд "Одоо би шувуугаа авъя" гэхэд цайны газрын эзэн "Та шувуугаа надад үлдээчих" гэж гуйв. Өвгөн "Миний шувуу таньд багагүй үйлчиллээ, та ч ашиг орлого ихтэй боллоо" гэж хэлээд шар тогоруугаа унаад тэнгэр өөд нисээд явсан түүхтэй аж.


Энэ барилга 1000 гаруй жилийн түүхтэй бөгөөд түүхийн хугацаанд олонтаа засварлаж байснаас хамгийн сүүлд 1987 онд засварлажээ.


Хятадад тогоруу шувууг буяны бэлгэдэл гэж үздэг байна. Таван давхар бүхий эртний дорнын барилгын хийц загварыг санагдуулам энэ барилгад үндэслэж аялал жуулчлалын томоохон төв байгуулжээ.


Зорин ирэх жуулчид цамхаг өөд шатаар  мөн цахилгаан шатаар гарахад хотын эргэн тойрон алган дээр юм шиг харагддаг.


Орчин тойронд нь худалдаа үйлчилгээ, гар урлалын бүтээгдэхүүн бүхий дэлгүүр, үйлчилгээний газрууд олон байгуулснаар аялагч, жуулчдын сонирхлыг татсан газар болжээ.




Связанные новости