Баарин баруун хошууны урлаачид үндэсний өв соёлоо тээн өвлүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаан хад, 2025 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг Улаан хад хотын Баарин баруун хошууны Монгол үндэсний гар урлалын үйлдвэрлэлийн төвөөр зочилж сурвалжилга мэдээ бэлтгэлээ.
Тус гар урлалын төв нь 4200 м2 газрыг эзэлдэг бөгөөд хошууны захиргаанаас гар урлал, уран хатгамал, үндэсний дээл, тэрлэг хувцас, гутал бүс оёж үйлдвэрлэгчид, чулууны болон алт мөнгөний уран дархчуудыг үйл ажиллагаа явуулахад нь дэмжих зорилгоор түрээсийн төлбөрөөс нь бүрэн чөлөөлдөг байна.
Эл төвд нийт 86 өрхийн 270 гаруй гар урчууд монгол үндэсний уламжлалт гар урлалыг хөгжүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулж, худалдаа үйлчилгээ эрхэлдэг.
ӨМӨЗО-ны хөдөө орон нутагт Монгол Үндэсний гар урлалыг өвлөн уламжлагчид олон байдаг ч Баарин баруун хошууны үндэсний соёл уламжлалыг өвлөн уламжлагч 22 өв тээгч энэ төвд урлалаа бүтээж, гар урлал, дээл хувцас оёж сурахыг хүссэн хүмүүст сургалт зохион байгуулдаг аж.
Төр засгийн зүгээс монгол үндэсний гар урлалыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд анхаарч, олон талаар дэмждэг нь эдгээр гар урчуудад их тус дэм болдгийг онцлож байв.
Эдгээр урлаачидтай ярилцахад "Бидний гол зорилго ашиг олохыг эн тэргүүнд төвийх төдий биш үндэсний уламжлалт хувцасны соёлыг олон нийтэд танилцуулах, түгээн дэлгэрүүлэх, орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэн оёж бүтээх, залуу үеийнхэнд зааж сурган, ажил мэргэжлийн чадвар суулган өвлүүлэх нь чухал" хэмээн өгүүлж байлаа.