ЗАВХАН: Сумын иргэд соёлын үйлчилгээг нэг дороос авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Их-Уул сумын Соёлын төв нь жилдээ 30 гаруй тоглолт, үзвэрийг давхардсан тоогоор 13800 гаруй үзэгчдэд хүргэж байна.
Одоогоос дөрвөн жилийн өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Соёлын төв 300 хүний суудалтай шинэ барилгатай болж, иргэд соёлын үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон юм.
Ашиглалтын талбай нь хуучнаасаа хоёр дахин нэмэгдсэн төдийгүй дуу чимээ тусгаарлалт сайтай, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан барилгатай.
Соёлын төвийн дэргэд сумынхаа ховор нандин үзмэр, түүхийн олдвор бүхий музейн танхимтай.
Номын сандаа 5500 гаруй номын фондтойгоор иргэддээ соёлын үйлчилгээг үзүүлж байна.
Өнөөдрийн байдлаар номын сангаар 679 хүн үйлчлүүлсний 468 нь хүүхэд байна. Сумын музейн танхим, номын сангийн боловсролын хөтөлбөрт давхардсан тоогоор 560 гаруй хүүхэд оролцжээ.
Сургуулийн хүүхдүүдийн амралт эхэлсэнтэй холбоотой шинэ номын үзэсгэлэн худалдаа, уншлага, өв уламжлалаа таниулах, шагайн наадмын үйл ажиллагаа, үндэсний хөгжим, бүжгийн дугуйланг хичээллүүлж эхэлсэн байна гэж Их-Уул сумын Соёлын төвөөс мэдээлэв.