Өвөр монголчууд махны үүлдрийн хонь өсгөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.garmaa@montsame.gov.mn
2025-06-14 08:38:45

Улаанхад, 2025 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. МСНЭ, Хятадын ӨМӨЗО-ны ХМА-тай хамтран жил бүр хоёр улсын сэтгүүлчид Монгол, Хятад улсад зорчин хамтран мэдээ сурвалжилга бэлтгэдэг уламжлал тогтоод  7 жил болжээ. 


Энэ удаад Монголын хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчид БНХАУ-ын сэтгүүлчидтэй хамтран ӨМӨЗО-ны Тунляо, Улаан хад, Ухань зэрэг хотоор зочлон тус улсын бүтээн байгуулалт, аялал жуулчлал, хүнс үйлдвэрлэл, өв уламжлал, эрчимжсэн МАА, технологийн хөгжил, уламжлалт анагаах ухаан зэрэг салбарын хөгжлийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байгаа юм.


Монгол Хятадын хамтарсан сурвалжлах багийн сэтгүүлчид Улаанхад хотын Баарин баруун хошууны  "Бор ус" гацаан дахь "Сайнаа" хонины эрчимжсэн МАА-н хоршооллын фермд очиж мэдээлэл авсан юм.


 "Сайнаа" хоршоолол нийт махны үүлдэрийн 2000 хонь үржүүлдэг ферм бөгөөд нутгийн монгол эм хонийг африкийн хар толгойт хуцтай эрлийзжүүлж гаргаж авсан эм хонио дахин Англи үүлдрийн цэвэр хуцтай эрлийзжүүлэн махны чиглэлийн "Талын хар сувд" гэж нэрлэсэн  хар хонь гаргаж  авдаг байна. 


Энэ хар хонины 4 сартай хурга нь амьдын жингээрээ 50 кг татдаг бөгөөд хамгийн удаандаа 10 сар болгоод нядлахад амьдын жингээрээ 100 кг жин татаж, үүний 50-55 хувь өөхгүй цэвэр махны гарцтай байдаг байна.

 

Тус хоршоо "Талын хар сувд" хонины хургыг 2 сараас нь эхлэн өөрсдийн тариалангийн талбайд тарьж бэлтгэсэн эрдэнэ шиш, ногоон тэжээлийн холимог тэжээлээр бордоход амьдын жин нь өдөрт дунджаар 500 гр-аар нэмэгддэг байна. 


Мөн зуны улиралд хашаанд бэлчээн, бэлчээрийн өвс идүүлж, махыг нь илүү амтлаг болгодог гэнэ.  









Связанные новости