ЗАВХАН: Хүүхдүүд хувь хүний ур чадвараа нэмж "Би" биш, "Бид" гэсэн үзэлтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-09 15:37:33

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 1947 хүүхэд, залуус Японы Хүүхдийг ивээх сангийн төслийн үр шимийг хүртжээ.


Хүүхдийг ивээх сан Японы Нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламж, Дэлхийн банкны менежментээр “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” төсөл Завхан аймагт амжилттай хэрэгжиж байна.


Төсөл таван жилийн хугацаанд Улиастай, Тэс, Баянтэс, Түдэвтэй, Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн суманд хэрэгжиж бодит үр дүнгээ үзүүлж байна.


Завхан аймагт тус төслийн хүрээнд 88 багшийг ESEL багшаар бэлтгэж, 1947 хүүхэд, залуус амжилттай суралцжээ. Хүүхдүүд 72 бичил төслийг 204 сая төгрөгийн санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлж, хувь хүний ур чадвар энтрепренерийн мэдлэгээ сайжруулсан байна.

Тухайлбал, төслийн хугацаанд Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургууль 127 сая төгрөгийн өртөгтэй сургуульд суурилсан энтерпрайзыг Японы Хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. 


Тэд Монголоос анх удаа АНУ-д төвтэй “Сургуульд суурилсан энтерпрайз” уралдаанд оролцож Silver certificate-н эзэн болсон амжилтыг үзүүлжээ.


Мөн нийт 72 төсөл хэрэгжүүлсэн 289 сурагчаас Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Э.Мөнхжин, Тэлмэн сумын сурагч Г.Отгонтүшиг нар оны шилдэг Энтрепренер сурагч номинацид ялагч болсон зэрэг амжилт үзүүлжээ.


Төслийн хүрээнд орон нутгийн хүүхэд, залуусын хэрэгцээ шаардлагад нийцсэн, шинэлэг хэлбэрийн энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар олгох сургалтын хөтөлбөр болох ESEL хөтөлбөрийг боловсруулж, нэвтрүүлсэн байна.


Уг төслийн үр дүнгийн уулзалт Улаанбаатар хотод болж Завхан аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа, Боловсролын газрын дарга Д.Бямбацогт тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна.


Таван жилийн хугацаанд маш олон төсөл хөтөлбөрийг хүүхдүүд маань санаачилж төслөө амжилттай хэрэгжүүлж байна. Энэ төсөлд хамрагдсанаар өсвөр насны хүүхдүүд эргэн тойронд нь ямар асуудал байна вэ гэдгийг олж хараад, шийдэж эхэлсэн нь сайшаалтай. Мөн орон нутагтаа тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх ямар гарц гаргалгаа байгааг өөрсдийн бичил төслөөрөө дамжуулан шийдэж байгаа нь онцлогтой юм.


Завхан аймгийн Баянтэс суманд ESEL сургалтын хөтөлбөрт 280-аад хүүхэд хамрагдаж, 11 төсөл хэрэгжин, 37 гаруй сая төгрөгийн санхүүжилт авч чадсан байна. Энэ төсөлд хамрагдсанаар хүүхдүүдийн хувьд өмнө нь “би” гэсэн үзэлтэй байсан бол одоо “бид” гэсэн үзэлд бүрэн шилжсэнд бахархалтай байгааг Баянтэс сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Н.Гэрэлжаргал хэлэв.

Ирэх жилүүдэд Завхан аймаг Хүүхдийг Ивээх сантай хамтран ESEL сургалтыг 24 сумын хүүхэд залууст хүргэхээр зорьж байна гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


 “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” төслийн үр шимийг хүртсэн

багш, хүүхдүүдийн төлөөлөл, Завхан аймгийн удирдлагууд үр дүнгийн хурлын үеэр


Завхан аймгийн Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Байгалмаа

“Пуэр-Тэлмэн” багийн гишүүдийн хамт

 

Связанные новости