Якутын гар урлаач, сийлбэрчдийн бүтээлийг толилуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-07 10:06:10

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Саха /Якут/ улсын гар урчуудын нийгэмлэгээс санаачлан зохион байгуулж буй “Морь шүтлэг” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд нээв.

ОХУ-ын Бүгд Найрамдах Саха /Якут/  Улсын гадаад харилцааны яам, ''Симэх'' үндэсний гар урлалын төв, Монголын Үндэсний музей хамтран нээж буй энэхүү үзэсгэлэнд Якутын гар урлаач, сийлбэрчдийн 70 гаруй бүтээлийг дэлгэжээ.

Саха /Якут/ үндэстэн нь эртнээс адууны дэл, сүүл хялгасаар гэр ахуйн эд хэрэгсэл, малгай, цүнх, хувцас болон гоёл чимэглэл хийж ирсэн уламжлалтай. Энэ нь тэдний соёлын үнэт өв бөгөөд адуугаа дээдэлж, хүндэтгэж буйн илэрхийлэл юм. Энэхүү үзэсгэлэнд адууны сүлжмэл бүтээлээс гадна хуш модон эдлэл, гар урлалын өвөрмөц бүтээлийг дэлгэн харуулж байна. 

Монголын Үндэсний музейн тайлбарлагч Т.Цэндмаа ярихдаа, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг жил бүрийн долоодугаар сарын 11-нд тэмдэглэхээр болсон. Тэмдэглэлт өдрийг угтаад зохион байгуулж буй тус үзэсгэлэн адууны соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой. Саха /Якут/  үндэстэн өндөр хөвч, тайгад адууг эртнээс гаршуулж түүнийхээ ашиг шимийг хүртэн  дэл сүүлээр нь ахуйн амьдралд хэрэгцээтэй урлаж байжээ. Энэхүү үзэсгэлэнгээс адууны дэл сүүлээр нэхсэн уран хатгамал, гоёл чимэглэл эд зүйл болон уламжлалт модны үйлс буюу модны хальсаар хийсэн хээ угалз, сийлбэрлэсэн аяга, хундага, сүүний сав, айрагны хул зэрэг өвөрмөц хийц бүхий модон эдлэлийг харж болно.  Түүнчлэн уламжлал зан үйлдээ ашигладаг уяа, холбоо, сүлжээ, угалзны бэлгэдлийг ч үзэх боломжтой” гэв.

“Морь шүтлэг” тусгай үзэсгэлэн нь энэ сарын 12-ныг дуустал гарах бөгөөд энэ үеэр сүлжмэлийн мастеркласс хичээлд суун, гар урчуудтай уулзах боломжтой аж.

 








Связанные новости