“Nintendo” компани “Switch 2” консолио худалдаанд гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 5 /Kyodo/. Японы “Nintendo” компанийн сүүлийн 8 жилийн хугацаанд худалдаанд гаргаж буй анхны тоглоомын консоль болох “Switch 2” өнөөдрөөс хэрэглэгчдийн гарт хүрч эхэлжээ. Урьдчилсан захиалгын эрэлт өндөр байгаа энэхүү төхөөрөмж нь компанийн ашиг орлогыг өсгөх төлөвтэй байна.
Киото хотод төвтэй видео тоглоомын томоохон компани ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх энэ оны санхүүгийн жилд дэлхий даяар 15 сая
ширхэг төхөөрөмжийг борлуулна гэж найдаж байна. “Nintendo” дөрөвдүгээр
сард мэдэгдэхдээ, урьдчилсан
захиалгын тоо таамаглалаас давсныг
дурдаад, Японд худалдаанд
гаргасны дараа уг консолийг хожих сугалаанд 2.2 сая орчим хүн оролцсоныг мэдээлжээ.
2017 оны гуравдугаар
сард худалдаанд гарсан анхны “Switch” консолийн дараагийн загварын зөвхөн япон
хэлтэй хувилбар нь 49 980 иен
буюу 350 ам.долларын үнэтэй бол олон хэлтэй хувилбарыг 69 980
иенээр худалдан авах
боломжтой байна. Шинэ төхөөрөмж
анхны “Switch”-ээс
хоёр дахин их пиксель бүхий
том дэлгэцтэй бөгөөд зурагтнууд
дээр 4K форматыг дэмждэг. “Nintendo” мөн шинэ консолийн хамт “Mario Kart World” тоглоомоо танилцуулжээ.
“Switch 2” хэрэглэгчдийн сонирхлыг ихээхэн татаж
байгааг харгалзан тавдугаар сард “Nintendo” 2025 оны санхүүгийн жилийн борлуулалтын таамаглалаа өмнөх оныхоос 63.1 хувиар
нэмэгдүүлж, 1.9 их наяд иенд хүрнэ гэж тооцоолжээ. Компанийн ерөнхийлөгч
Шүнтаро Фүрүкава хэлэхдээ, эрэлт ихтэй байгаа тул
шинэ төхөөрөмжийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэсэн байна.
“Switch” нь 150 сая гаруй ширхэг борлогдсоноор “Nintendo”-гийн хамгийн их борлуулалттай консолиудын тоонд зүй ёсоор багтсаар ирсэн юм. Гэсэн хэдий ч 2020 оны санхүүгийн жилд борлуулалтынх нь хэмжээ 28.8 сая ширхэгт хүрч, жил ирэх тусам буурах болжээ.