Монгол Улс “Ази тивийн хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санаачилга”-ын дэд даргалагч орноор томилогдлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улс “Ази тивийн хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санаачилга (AFACI)”-ын дэд даргалагч орноор 3 жилийн хугацаатай томилогдлоо.
Бүгд Найрамдах Непал Улсын Катманду хотод болсон “Ази тивийн улсуудын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллааны санаачилга (AFACI)”-ын 7 дахь удаагийн уулзалтын үеэр тус санаачилгын гишүүн орны төлөөлөгчдийн саналаар ийнхүү даргалагч орноор сонгогдов.
Монгол Улсыг төлөөлж оролцсон ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Ази тивийн хөдөө аж ахуйн салбарын цаашдын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, шинжлэх ухаанд суурилсан шийдлүүдийг хэрэгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгөн, хамтарч ажиллахаа” илэрхийлэв.
БНСУ-ын Хөдөө, орон нутгийн хөгжлийн захиргаанаас хэрэгжүүлж буй тус чуулганд 15 гишүүн орны хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчид оролцон хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц, үр дүнтэй танилцав. Мөн Ази тивийн улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар хэлэлцэн тодорхойлжээ.