Туркменистан Улсын гурав дахь Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-05-30 11:21:56

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов 1981 оны есдүгээр сарын 22-ны өдөр Туркменистаны нийслэл Ашхабад хотод төржээ.


Туркменистаны Ардчилсан намаас 2022 оны хоёрдугаар сарын 14-нд С.Бердымухамедовыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлжээ. Гуравдугаар сарын 15-нд Сонгуулийн төв комисс түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд ялсныг зарласан байна. Тэрбээр туркмен, орос, англи гэсэн гурван хэлээр ярьдаг аж.


Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов засаглалыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, олон улсын тавцанд улс орныхоо нэр хүндийг бэхжүүлэхэд онцгой анхаарч иржээ.


Тэрбээр уур амьсгалын өөрчлөлт болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас байгаль орчин, хүний ​​эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахыг чухалчилж, хүлэмжийн хийг бууруулж, тогтвортой хөгжлийг ахиулахыг дэмжиж ирсэн байна. Мөн олон хүүхэдтэй гэр бүлүүдийг орчин үеийн орон сууцаар хангах, хүнсний аюулгүй байдлыг хангах нь Туркменистаны нийгмийн бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг онцлон тэмдэглэж иржээ.


Үндэсний тусгаар тогтнолыг бэхжүүлэх, төвийг сахих бодлогыг хэрэгжүүлэх, улс орны эрчимтэй хөгжлийг хангахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Сердар Бердымухамедовыг төрийн дээд шагнал болох Туркменистаны баатар цолоор 2023 оны есдүгээр сард шагнасан байдаг.


Түүний удирдсан Засгийн газар эдийн засгийн хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагаа, төвийг сахисан байр суурийг дэмжихийг чухалчилдаг. Мөн уламжлалт бодлогыг баримтлахын зэрэгцээ олон улсын тавцанд технологи, байгаль орчны тогтвортой байдлыг хангах салбарын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.


Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Туркменистан Улсын 2025 оны гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг 2024 оны 12 дугаар сард тодорхойлжээҮүнд,

  • Хөрш орнуудтай харилцаагаа бэхжүүлэх: Төв Ази, Каспийн бүс нутгийн улс орнуудтай тогтоосон харилцааг бэхжүүлэх;
  • Дэлхий нийтийн түншлэлийг өргөжүүлэх: Өмнөд Ази, Ойрх Дорнод, Ази-Номхон далайн бүс нутаг, Европ, Америк тивтэй хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, өндөр технологи, ногоон эрчим хүч, хиймэл оюун ухаанд анхаарлаа хандуулах;
  • Төвийг сахиж, энх тайвныг дэмжих: Туркменистан улс байнга төвийг сахих бодлого баримталж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хүлээсэн улс орныхоо үүрэг амлалтыг бататгах тухай зорилтыг дэвшүүлжээ.

Тэрбээр 1997-2001 онд С.А.Ниязовын нэрэмжит Туркменистаны Хөдөө аж ахуйн их сургуульд суралцаж, инженер-технологич мэргэжлээр төгсжээ. 


С.Бердымухамедов 2001 оны 7-11 дүгээр сард Туркменистаны Хүнсний аж үйлдвэрийн холбооны Гадаад эдийн засгийн харилцааны хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2001-2003 онд цэргийн алба хааж, 2003-2008 онд Туркменистаны Хүнсний аж үйлдвэрийн холбооны мэргэжилтнээр ажиллажээ.


Улмаар 2008-2011 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны /ГХЯ/ Дипломат академид суралцаж, олон улсын харилцааны мэргэжлээр дүүргэсний зэрэгцээ Москва дахь Туркменистаны Элчин сайдын яамны зөвлөх, 2011-2013 онд Аюулгүй байдал судлалын бодлогын Женев дэх төвд Европын ба олон улсын аюулгүй байдлын чиглэлээр суралцангаа, НҮБ-д суугаа Туркменистаны Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөхөөр ажиллажээ. 


С.Бердымухамедов 2013-2016 онд Туркменистаны Ерөнхийлөгчийн дэргэдэх Нүүрс устөрөгчийн нөөцийн менежмент, ашиглалтын асуудал эрхэлсэн төрийн агентлагийн дэд дарга, 2016-2017 онд Туркменистаны ГХЯ-ны Олон улсын мэдээллийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад 2016 онд Туркменистаны Межлисийн /парламент/ гишүүнээр сонгогдсон байна. 2017-2018 онд тэрбээр парламентын Хууль зүй, ёс зүйн хэм хэмжээний хороог даргалжээ.


Тэрбээр 2018-2019 онд Туркменистаны Гадаад хэргийн дэд сайд, 2019 оны 1-6 дугаар сард Ахал мужийн захирагчийн орлогчоор, 2019-2020 онд тус мужийн захирагч, 2020-2021 онд Туркменистаны Аж үйлдвэр, барилгын үйлдвэрлэлийн сайд, 2021 оны 2-7 дугаар сард Туркменистаны Сайд нарын танхимын орлогч дарга, Дээд хяналтын танхимын даргын албыг хашиж, Туркменистаны Төрийн аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр томилогджээ. 2021 оны долоодугаар сараас хойш Туркменистаны Сайд нарын танхимын эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан орлогч даргаар ажиллаж байв. 

Связанные новости