ЗАВХАН: "Монголын нууц товчоо"-ны хэлэлцүүлэгт Говь-Алтай аймгийн хүүхдүүд ирж оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-27 11:13:29

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хүүхдүүд "Монголын нууц товчоо"-ны дөрөвдүгээр бүлгийн хэлэлцүүлгээ амжилттай зохион байгуулжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч "Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх" тухай зарлиг гаргаж, судлан шинжилж, түгээн дэлгэрүүлэхийг бүх иргэнд уриалсан.


Тиймээс Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сан, “Аянга” номын клубтэй хамтран “Монголын нууц товчоо” номын уншлага, хэлэлцүүлгийг жил гаруйн хугацаанд зохион байгуулах юм. Хүүхдүүд "Монголын нууц товчоо"-г 17 сарын хугацаанд уншихаар төлөвлөж, өнөөдрийн байдлаар дөрвөн бүлгийг хэлэлцүүлж дууслаа.  


Энэ удаагийн хэлэлцүүлэгт Говь-Алтай аймгаас “Номын зууч” клуб оролцож, клубийн суралцагчид Улиастай сумын "Чандмань-Эрдэнэ" сургуулийн Б.Бямбасүрэн багштай 8б ангийн номын клуб, "Аянга" номын клубүүдтэй уулзалт зохион байгуулж, туршлага солилцлоо. Мөн оролцогч хүүхдүүд Завхан аймгийн Музейн боловсролын хөтөлбөрт оролцож оньсон тоглоомын арга аргачлал, түүхийн талаарх сонирхолтой мэдээлэл сонссон нь онцлог байв. 


"Монголын нууц товчоо"-ны дөрөвдүгээр бүлгийн хэлэлцүүлэгт хоёр аймгийн 50 гаруй сурагч оролцож номын агуулга, уран сайхны онцлог, хэл найруулгын талаар ярилцсан байна. Хүүхдүүд маань нууц товчоог системтэй уншиж, хэн түүхэн үйл явдлыг ямар өнцгөөс харж байна. Өөрийнхөө ямар саналыг ямар тайлбартайгаар дэвшүүлсэн нь сонирхолтой байлаа.


Ирэх сарын хэлэлцүүлэг 9-р сард болно. Эдгээр хэлэлцүүлгүүд нь "Монголын нууц товчоо"-г хүүхэд залуучуудад сурталчлан таниулах зорилготой юм гэж Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Соёл гэгээрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн И.Янжинлхам мэдээлэв.


Монголын нууц товчооны дөрөвдүгээр бүлгийн хэлэлцүүлэгт оролцогчид


Связанные новости