ӨМНӨГОВЬ: Иргэд тарьсан модныхоо ургалтыг цахимаар хянах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-05-22 20:37:22

Даланзадгад, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд “Олон улсын гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар, Даланзадгад сумын ЗДТГ хамтран "Гэр бүлийн мод тарих өдөр" үйл ажиллагааг зохион байгууллаа.


Тус үйл ажиллагаанд нэгдэн Даланзадгад сумын 26 өрх Төв сааданд хуш, нарс нийлсэн 50 мод суулгалаа.

 

Гэр бүлийн гишүүд өмчилж тарьсан модныхоо ургалт арчилгааг цахимаар давхар хянаж, ойн анги болон Даланзадгад сумын Захирагчийн ажлын алба услалт арчилгааны ажлыг зохион байгуулах юм.

 



Өмнөговь аймгийн БОГ-ын дарга Х.Отгонмөнх:

-Өмнөговь аймагт мод тарих үндэсний хөдөлгөөн маш сайн хэрэгжиж байна. Бид мод тарих өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 25-наас эхлүүлсэн. Тэгээд долоо хоног болгоны бямба, ням гарагт бүх нийтийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна. Бүх нийтээр мод тарих үйл ажиллагааны нээлтийн үеэр төрийн албан хаагч нар Даланзадгад сумыг салхинаас хамгаалах зорилгоор ногоон хэрмийн 12 дугаар талбайд мод тарьсан. Дараагийн амралтын өдрүүдэд банкны салбарынхан мод услах ажлыг зохион байгуулсан. Харин энэ удаа Даланзадгад сумын төв сааданд гэр бүлээрээ мод тарилаа. Мөн хашаандаа алим, жимсний мод тарих сургалтыг хийж, суулгацыг тараах ажлыг хийж байна.

Гэр бүлээрээ мод өмчилж аваад суулгаж, түүнийгээ арчилдаг, хамгаалдаг зуршлыг төлөвшүүлэх нь их зөв гэж харж байгаа. Мод тарьсан гэр бүлүүдэд бар кодтой түлхүүрийн оосор түгээж байна. Энэ бар кодоороо сар болгон тарьсан модоо ямар ургалттай байгааг нь хянах боломжтой юм. Тэгээд мод нь муу ургалтай байвал хариуцаж байгаа хүмүүст нь хандах ч юм уу эсвэл үнэхээр болохгүй бол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах зэрэг олон давуу тал бий болно. Модны бодит ургалт нэмэгдэнэ гэж бодож байна. Бид тарьсан эдгээр модыг амжилттай ургуулахаар Захирагчийн ажлын албаныхантай хамтран ажиллаж байгаа. Даланзадгад сумын хавцгайт хорооллын хойд талд дөрөвдүгээр талбай гэж байдаг. Тэнд мод өмчлөх талбайнуудыг байгуулахаар төлөвлөж байна. Төгсөлтийн талбай, хуримын талбай, нутгаа санасан талбай, буяны талбай гээд байгуулна. Энэ талбайнуудыг үүсгээд иргэд бар кодоороо модны ургалт арчилгааг хянаад, ойн анги модныхоо арчилгааг хариуцаад явах ажлыг эхлүүлж байгаа. 

Связанные новости