ӨМНӨГОВЬ: "Сайханы сарлаг-2025" уламжлалт баярыг энэ сарын 24-нд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-05-21 21:37:07

Даланзадгад, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. "Сайханы сарлаг-2025" уламжлалт баярыг тавдугаар сарын 24-ний өдөр Ханхонгор сумын Мандах багийн нутаг Оюутын хөндий дэх Үнэгэд хэмээх газарт зохион байгуулна.


Говийн сарлаг үхрийн генефондыг хамгаалах, говь нутагт сарлаг үржүүлж ирсэн уламжлалыг хадгалах, тоо толгойг нь нэмэгдүүлэх, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах, нийтэд сурталчлах, бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 11 дэх жилдээ болно.

 

Өмнөговь аймгийн хэмжээнд 900 гаруй сарлаг тоолуулж, тоо толгой нь өсжээ. Өмнөх жилийн сарлагийн баярт 5 сумын 24 өрхийн 400 гаруй сарлагийг оролцуулж байжээ. Уламжлалт баярыг гадаадын 200 гаруй жуулчин, дотоодын 2000 гаруй иргэн сонирхон үзжээ.

 

Энэ жилийн баяраар сарлаг бүрд урамшуулал олгох, сүү, цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах, хамгийн сайхан тоноглож, гаршуулсан сарлаг шалгаруулах, сарлагийн уралдаан, сарлаг булгиулах, сарлагийн баярт оролцогчдын дунд хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээнийг сум бүрээр зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Связанные новости