ДОРНОГОВЬ: Ноён хутагтын мэндэлсний 222 жилийн ойд зориулж 222 тусгай морин хуур урлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 222 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойг тохиолдуулан Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эгшиглэн интертайнмент” ХХК тусгай загварын 222 ширхэг морин хуур худалдаанд гаргах санаачилга гаргаж ажил хэрэг болгожээ. Хутагтын ойд зориулсан морин хуурын хэлбэр хийц, дизайныг зураач Д.Ганпүрэв гаргасан бол хуурыг урлаач Д.Даваажав урлажээ.
Морин хуур худалдаж авсан хүмүүст тусгай гэрчилгээ дагалдаж очих бөгөөд гэрчилгээн дээр хуурын онцлог, утга агуулга бүхий шаардлагатай мэдээллийг Сайншанд сумын Ерөнхий боловсролын V cургуулийн монгол хэл, уран зохиолын багш Э.Хандсүрэн монгол бичгээр, уран бичлэгийн өнгө аясыг оруулан бичсэн байна.
Өөрөөр хэлбэл гэрчилгээн дээр хуурыг хаанаас хэдэн төгрөгөөр авсан, ямар үнэт өвийг багтаасан талаарх мэдээллийг бичиж, үеийн үед өвлөгдөх үнэт өв болгон үлдэхээр тусгажээ. Хуурыг ноён гэгээнтний унаж, эдэлж байсан хээр морийг зүсэлж, дээд хэсэгтээ гуу дотор хагас товгор хэлбэрээр шүтээн баримлыг товойлгон урлаж, дээр нь ногоон дарь эхийг залж, баламлянхуа цэцгээр шигтэн урлажээ.
Хуурын доод татуурга хэсэгт шударга үнэний бэлгэдэл дигваранз буюу хилэнцэт хорхойг урласнаараа онцлог болжээ. Морин хуурыг эдэлгээ даах сайн чанарын материалаар хийж мэргэжлийн түвшинд сайхан дуугардаг байхаар бүтээсэн байна.