Хамтарсан археологийн экспедицийн малтлага эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-19 16:16:54

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол, Оросын хамтарсан археологийн экспедицийн малтлага, хайгуулын ажил энэ сарын 17-нд эхэллээ.


Монгол Улс, ОХУ-ын төрийн тэргүүн нарын “Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх” тухай 2024 оны яриа хэлэлцээрт Халхын голын байлдааны тулалдааны талбарт хамтарсан хайгуулын экспедиц байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ нь Халх голын байлдааны талбар буюу Дорнод аймгийн Халх гол суманд хамтарсан хайгуулын экспедицийн үйл ажиллагааг эхлүүлж, амь үрэгдсэн дайчдын дурсгалыг илрүүлэх, мөнхжүүлэх, ОХУ-ын талд тухайн үеийн Улаан армийн амь үрэгдсэн дайчдын дурсгалыг шилжүүлэн өгөх, цэргийн археологийн судалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах зорилготой юм.


Экспедицийн баг Ремизовын өндөрлөг болон Талын Манхан, Баян-Цагааны нуруу гэх байршилд археологийн малтлага, хайгуулын ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монголын талаас 116 хүний бүрэлдэхүүнтэй албан хаагч, ОХУ-аас 35 судлаач оролцож байгаа аж.


Малтлагын ажлыг Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Буяндэлгэр удирдан ажиллаж байна. Экспедицийн багийнхан малтлага эхэлснээс хойших хугацаанд тулалдаанд амь үрэгдсэн 12 цэргийн шарилыг илрүүлж, хориглолтын шуудуунаас 60 гаруй  гранат, тэсэрч дэлбэрэх зэвсгүүд олдоод байгаа талаар Зэвсэгт хүчний Жанжин штаб мэдээллээ. 


Связанные новости