Дулааны тавдугаар цахилгаан станц төсөлд технологийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Эрчим хүчний импортын хамаарлыг багасгаж, дотоодын хангамжийг нэмэх, үйлдвэрлэлийн технологид дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэхээр Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ.
НЗДТГ-ын мэдээлснээр, тус станцыг ашиглалтад оруулснаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах, тэр дундаа гэр хорооллын 51 мянган янданг цөөлөх боломжтойгоос гадна байгаль орчны нөлөөллийг багасгахаар хэд хэдэн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх аж. Тухайлбал, станцаас гарах үнс, шаарыг үнсэн санд хадгалж, нягтаршуулан зохистой менежмент хийхээс гадна ТЭЗҮ-д тусгаснаар жилд дунджаар 300 мянган тонн үнс, шаар үүсэх тооцоо бий. Үүнийг цемент, бетон, замын хавтан, дүүргэгч зэрэг барилгын материал үйлдвэрлэлд хоёрдогч түүхий эд хэлбэрээр ашиглаж болохыг тогтоожээ. Мөн хорт утаа, хийн ялгарлыг багасгах зорилгоор утаа шүүх, хүхэргүйжүүлэх систем суурилуулж, шохойн чулуу ашиглан хүхрийн хэмжээг бууруулах технологи нэвтрүүлж, жилд 18.615 тонн шохойн чулуу ашиглах юм. Үүний дүнд агаарт хаягдах хүхэрлэг хий, азотын ислийн хэмжээ багасаж, агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл буурах юм.
Түүнчлэн үйлдвэрийн технологийн усны хэрэглээг оновчтой болгохоор ус хангамжийн системийг шинэчлэн байгуулах, хаягдал усыг цэвэршүүлж дахин ашиглах технологи нэвтрүүлэх, хаалттай эргэлтийн усны системийг ашиглан усны хэрэглээг бууруулах зэргээр байгаль орчны нөлөөллийг хязгаарлахаар төлөвлөжээ. Энэ нь усны хомсдол, экологийн тэнцвэрт байдалд эерэг үр нөлөө үзүүлнэ.
Манай улсын эрчим хүчний гол эх үүсвэр нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд бөгөөд эдгээр нь нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Эрчим хүчний хэрэглээ тасралтгүй нэмэгдэж буй өнөө үед найдвартай, тогтвортой эх үүсвэр бий болгохын зэрэгцээ нүүрсний шаталтын үр ашгийг нэмж, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах шаардлага бий. Иймээс орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан, байгальд ээлтэй шийдлийг шингээсэн Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх нь эрчим хүчний салбарт технологийн шинэчлэлийг авчрах, тогтвортой хөгжил, экологийн аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой юм.