Нисэхийн уулзвараас тэмээтэй хөшөө хүртэлх авто замын нэгдүгээр эгнээгээр автобус зорчино
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Нисэхийн уулзвараас 120 мянгатаас Тэмээтэй хөшөө хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж байна. Ингэснээр нийтийн тээврийн автобусыг саадгүй зорчих нөхцөл бүрдэх юм.
Үүнтэй холбогдуулан НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүр орчмын авто замын өргөтгөлийн явцтай танилцжээ.
Энэ үеэр А.Баяр дарга ярихдаа, “Нийслэлийн иргэдыг хүссэн газраасаа зорьсон цагтаа автобусаар саадгүй зорчдог болгох үүднээс шат дараатай ажлуудыг хийж байна. Эхний ээлжид Таван шараас Офицеруудын ордон хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус бүрэн зорчих нөхцөлийг бүрдүүлсэн. Үүний үр дүнд автобусаар зорчих иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Одоо Нисэхийн тойргоос 120 мянгатын Тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж байна. 2025 он дуусахаас өмнө дээрх зохицуулалтыг эхлүүлнэ. Дараагийн ээлжид 3, 4 дүгээр хорооллоос "Цайз 16" хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус явуулах боломжтой эсэхийг судалж байна” гэв.
Ташрамд дурдахад,
“5 шар-Офицеруудын ордон” чиглэлийн автобусны нэг рейсийн зарцуулах хугацаа 110
минут байсан бол нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр 80-90 минут болж багассан гэх тооцоолол гарчээ.