Аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлийг тооцон, мэдлэг, мэдээллээ дээшлүүлэхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-19 14:07:12

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас иргэд өөрийн болоод орчныхоо аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлийг тооцон, анхан шатны мэдлэг, мэдээллээ дээшлүүлэхийг уриаллаа.


Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгоод байгаа талаар ОБЕГ-аас мэдээлэл хийв.


Улсын хэмжээнд одоогоор обьектын гал түймрийн 2112 удаагийн тохиолдол бүртгэгдсэний 64.6 хувь нь иргэний болгоомжгүй байдлаас, 25 хувь цахилгаанаас, 6.6 хувь шалтгаан тогтоогдоогүй, хоёр хувь машин техникийн гэмтэл ашиглалтын буруугаас, нэг хувь санаатай үйлдлээс, 0.9 хувь бусад шалтгаанаас үүджээ. Нийт гал түймрийн 67.1 хувь буюу 1418  нь нийслэлд, 32.9 хувь буюу 694 нь 21 аймагт тохиолдсноос  Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймагт обьектын гал түймрийн тохиолдол дийлэнх нь бүртгэгджээ. Харин 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт 89 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 31.4 хувиар нэмэгдлээ. Иймд иргэд, олон нийт ой, хээрийн гал түймрийн аюулын эрсдэл бүхий нутаг дэвсгэрт гал алдахаас сэргийлэхийг анхаарууллаа. 


ОБЕГ-аас байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд аюулгүй байдлаа үнэлж, эрсдэлээ тооцох асуумж бүхий хяналтын хуудсыг боловсруулж, http://quiz.belenbai.mn/ сайтад байршуулаад байна. Энэ нь байгууллага, аж ахуйн нэгжийн гамшгийн бэлэн байдлаа шалгах, өрхийн гамшгийн бэлэн байдлыг шалгах "Аюулгүй өрх" хяналтын хуудас, иргэний гамшгаас хамгаалах мэдлэгийг шалгах асуумж гэсэн гурван төрөлтэй. Хяналтын хуудсыг ашигласнаар аюулгүй байдлыг анхан шатны түвшинд үнэлж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой

Связанные новости