2026 онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Энэ онд 3933 нэгж талбарт газар чөлөөлөөд байна. Газар чөлөөлөх ажлыг 2026 онд үргэлжлэн хийх юм.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар ярихдаа, “Нийслэлээс энэ оны байдлаар 3933 нэгж талбарт газар чөлөөлсөн. Гэр хорооллыг орон сууцжуулах, инженерийн дэд бүтэц, нийгмийн дэд бүтцийн ажлуудад газар чөлөөллөө. Ингэснээр авто зам, инженерийн шугам сүлжээ, станц, үерийн хамгаалалтын далан, сургууль, цэцэрлэг, автомашины зогсоол, 11.5 мянган айлын орон сууц барих боломж бүрдсэн" гэв.
Мөн ирэх онд нийслэлийн СБД-ийн Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө. ЧД-ийн 14 дүгээр хорооны 5, 6 буудал орчим, Гандан, “Өргөө” кино театрын арын дэнжид газар чөлөөлнө. СХД-ийн 4, 5, 8 дугаар хорооны БЗД-ийн Цайз 16 орчим, ХУД-ийн 34 дүгээр сургуулийн ойролцоо газрыг чөлөөлөх ажээ.
НЗДТГ-ын мэдээлснээр, нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламжийг нэмэгдүүлээд байна.
Ulaanbaatar