ТӨВ: Цэцэрлэгийн насны хүүхдийн “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн аймгийн аварга шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-05-14 14:33:00

Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Цэцэрлэгийн насны хүүхдийн “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Төв аймгийн Зуунмод суманд болж, аймгийн 23 цэцэрлэгийн 270 гаруй багачууд оролцож байна.


Уран хөдөлгөөнт гимнастикийг нийтийн хүртээл болгох зорилгоор сургуулийн өмнөх боловсролын багачуудын дунд тус тэмцээнийг зохион байгуулж байгаа юм.


Төв аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Д.Алтанхуягаас тодруулахад, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд тус тэмцээнийг зохион байгуулж байна.

Иргэд, олон нийтийг идэвхтэй хөдөлгөөнд уриалан өөрийгөө хөгжүүлэх сонирхол санаачилгыг нэмэгдүүлж буй тус тэмцээн нь олон талт зорилго, ач холбогдолтой. Тухайлбал, эрүүл амьдралын дадал хэвшлийг бий болгох, хүүхдийн бие бялдрыг зөв хөгжүүлэх, хөдөлгөөний эвслийг сайжруулах, дасгал хөдөлгөөнийг амьдралын байнгын хэрэглээ болгон төлөвшүүлнэ" гэв.


“Уран хөдөлгөөнт гимнастик” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оноос зохион байгуулж эхэлсэн юм. 









Связанные новости