ТӨВ: Аймгийн начин Э.Чойням түрүүлж арслан цолын болзол хангалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Төв аймаг байгуулсны 102 жил, Зуунмод хотыг байгуулсны 83, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойн баяр наадамд Завхан аймгийн Идэр сумын харьяат Улсын гарьд Ш.Жаргалсайхан, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Улсын заан Ц.Баярсайхан нараар манлайлуулсан хүчит 128 бөх зодоглов.
Бөхийн барилдаанд Төв аймгийн Баянхангай сумын харьяат, аймгийн начин Энхболдын Чойням долоо даван түрүүлж “Аймгийн арслан” цолын болзол хангасан бол Төв аймгийн Баян-Өнжүүл сумын заан Эрдэнэбатын Гантөмөр зургаа даван үзүүрлэж, “Аймгийн заан” цолын болзол хангалаа.
Бөхийн барилдааны их шөвөгт Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, аймгийн арслан Нэргүйн Дашдаваа, Төв аймгийн Эрдэнэ сумын заан Т.Түмэнжаргал нар шалгарч, сумын заан Т.Түмэнжаргал аймгийн начин цол хүртлээ.
Мөн тус баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд Ц.Хүслэн
түрүүлж, Х.Ган-Эрдэнэ үзүүрлэсэн юм.









