ТӨВ: Хүннү хот төлөвлөлтийн талаар ажлын баг аймгийн удирдлагатай уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-09-11 17:51:36

Зуунмод, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Төв аймгийн нутаг дэвсгэрт Хүннү хотыг байгуулах төлөвлөлтийн дагуу газар чөлөөлөх ажлыг түргэвчлэх, газраа чөлөөлсөн иргэд, аж ахуйн нэгжийн мэдээлэл зөрүүтэй байгааг арилгах зорилгоор Хүннү хотын ажлын баг ирж аймгийн удирдлагатай уулзлаа.  


Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Хүннү хотын бүтээн байгуулалтын мэдээлэл хомс байдаг. Энэ нь ажил удаашрах шалтгаануудын нэг учир мэдээллээр орон нутгийг хангах, цаашид ярьж хэлэлцэх асуудлууд олон байгааг илэрхийлсэн юм.


Тус уулзалтаар Хүннү хотын газарт орж буй Сэргэлэн, Алтанбулаг сумын газрын даамлууд болон аймгийн ГХБХБГ-аас мэргэжилтнүүдийг хотод ажиллуулж зөрүүтэй мэдээллээ нэгтгэхээр болов.


Мөн аймгийн иргэдийг мэдээллээр хангах ажлыг шат дараатай зохион байгуулах, эхний ээлжид аймгийн ИТХ-ын хуралдаан дээр мэдээлэл хийх хүсэлт өгөх шийдвэрийг гаргалаа.


Хүннү хот Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот болж нийслэлийн ачаалал, төвлөрлийг задлах, суурьшлыг тэнцвэржүүлэх, зам тээвэр ложистикийн үйлчилгээг бий болгох, дэд бүтцийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, хүний аюулгүй байдал, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загвар хот болно хэмээн төлөвлөж байгаа юм.


УИХ-аас 2024 оны 6 дугаар сард Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, мөн өдрийн “Хот байгуулах тухай” УИХ-ын 76 дугаар тогтоолоор Шинэ Зуунмод хотыг байгуулж, нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх стратегийн ач холбогдол бүхий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот байхаар заасан юм. Харин 2025 оны нэгдүгээр сард хотын нэршлийг өөрчлөхөөр болж УИХ-аар хэлэлцэн Хүннү хот болгох шийдвэрийг баталсан байна.

 

Связанные новости