ТӨВ: Цагийн байдал дээр ажиллаж ослын үеийн дадлага хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах команд штабын сургууль ослын үеийн удирдлагын дадлага, сургуулилалтаар 5 дугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжлэв.
Тус дадлагад аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 13 алба, 21 мэргэжлийн анги, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн 5 байгууллага, 27 сумын Засаг дарга, Тамгын газрын дарга ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 100 гаруй удирдах бүрэлдэхүүн танхимаар, 1350 алба хаагч цахимаар оролцож байгаа юм.
Төв аймаг Хангай, Хэнтийн уулархаг, Дорно Монголын талархаг мужид багтдаг бөгөөд 16.4 хувийг ой мод, 36.5 хувийг хээрийн бүс эзэлдэг.
Улмаар Улаанбаатар нийслэлийг хүрээлж бусад талаараа Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ аймагтай хиллэдэг учраас ой, хээрийн болон обьектын гал түймэр, зудын эрсдэл дундаас дээш, хүчтэй салхи шуурга, гангийн аюулын түвшин дунд зэрэг гэж үнэлэгдсэн.
Тиймээс “Орон нутгийн онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд тус дадлага сургуулилалтыг хийж байна.
Дадлагаар цагийн байдал өгч, тухайн мөчид шуурхай шийдвэр гаргаж, яаралтай ажиллах боломжийг эрэлхийлж сурах, судалгаа мэдээллийг гамшиг тохиолдсон үед хугацаа алдалгүй хийх, бусад штабтайгаа мэдээлэл солилцох зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулав.
Мөн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага,
алба хаагчдад 6.00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохио өгч,
бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.