Конференцийн лигийн финалд тоглох багууд тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-05-09 08:17:24

ЛОНДОН, 2025 оны тавдугаар сарын 9 /ТАСС/.  Английн “Челси” ба Испанийн “Бетис” багууд Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарч үлдлээ.


Өчигдөр болсон тоглолтод Челси баг өөрийн талбайд Шведийн “Юргорден” багийг 1:0 харьцаагаар хожсон ба эхний тоглолтод мөн /4:1/ ялсан тул нийлбэр дүнгээр Английн баг финалдсан байна.


Харин Испанийн “Бетис” ба Италийн “Фиорентина” багуудын хагас шигшээгийн хоёр дахь тоглолтын үндсэн цаг 2:1-ийн харьцаагаар өндөрлөсөн бөгөөд “Бетис”-ийн Антони 30 дахь минутанд гоол оруулсан бол талбайн эзэн “Фиорентина”-гийн Робин Госенс /34, 42/ дубль хийжээ. Харин эхний тоглолтод мөн адил 2:1-ээр талбайн эзэн “Бетис” баг хожсон тул багууд цаг сунгаж тоглоход 97 дахь минутанд Антонигийн дамжуулсан бөмбөгийг Абде Эззалзули оновчтой цохиж гоол орууллаа. Тооны харьцаа 2:2 болж, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Бетис” финалд шалгарлаа.   


“Челси”, “Бетис” багууд Конференцийн лигийн финалд анх удаагаа шалгарч байгаа ажээ. “Челси” өмнө нь 2012, 2021 онуудад Аваргуудын лигт, 2013, 2019 онуудад Европын лигт түрүүлж байсан бол “Бетис” Европын том тэмцээнүүдийн финалд шалгарч байгаагүй юм.


Конференцийн лигийн тэмцээний финалын тоглолт 5 дугаар сарын 28-нд Польшийн Вроцлав хотод болно. Тус тэмцээн дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнөх 2023/2024 оны улирлын аваргаар Грекийн “Олимпиакос” баг шалгарсан юм. 

Связанные новости