Лондонд сумогийн тэмцээн эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-10-16 17:35:22

ЛОНДОН, 2025 оны аравдугаар сарын 16 /NHK/. Их Британийн нийслэл Лондон хотын төвд орших “Royal Albert Hall” танхимд Европын болон бусад орны сумо сонирхогчид цугларч, хилийн чанадад ховорхон явагддаг тэмцээнийг үзэж сонирхож байна.


Сумо бөхчүүд сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаагаа хилийн чанадад болох тэмцээнд оролцохоор Японоос нисэх онгоцоор хүрэлцэн ирээд байгаа бол Лондон хот 34 жилийн дараа анх удаа сумогийн тэмцээн зохион байгуулж буй нь энэ юм. Таван өдрийн турш үргэлжлэх сумогийн тэмцээн лхагва гарагт эхэлжээ.


Тэмцээний өмнө Японы сумо бөхийн холбооны тэргүүн Хаккакү, дээд зиндааны бөхчүүд, арын албаны ажилтнууд зэрэг 80 орчим хүн тэмцээн болж буй газрын гадна зургаа авахуулжээ. Тэд мөн сумо сонирхогчид болон бусад хүмүүстэй ярилцаж, хамтдаа зураг даруулж, гарын үсгээ өгсөн байна. 


Ёкозүна Хошорюү NHK телевизэд ярилцлага өгөх үеэрээ, “Royal Albert Hall” дотор дохёо буюу сумогийн дэвжээ байгааг хараад ихэд гайхсан тухайгаа дурдаад, энд барилдахад таатай байгаагаа илэрхийлсэн байна. Үзэгчид ч мөн тэмцээнийг таалан соёрхоно гэдэгт найдаж байгаагаа тэрбээр хэлжээ.


Зохион байгуулагчдын хэлж буйгаар, худалдаанд гарсан 27 мянган тасалбар зарагдаж дууссан байна. Японы уламжлалт спорт сүүлийн жилүүдэд хилийн чанад дахь үзэгчдийн анхаарлыг ихээхэн татах болжээ. Түүнчлэн ирэх оны зургаадугаар сард Парист сумогийн үзэсгэлэн дэлгэх гэж байгаа ажээ.


Лондонд болж буй тэмцээнийг үзэхээр Унгараас ирсэн 49 настай эмэгтэй сэтгэл нь ихэд догдолж байгаа тухайгаа ярьсан байна. Хошорюүгийн шүтэн бишрэгч гэдгээ хэлсэн тэрбээр бөхчүүдийн барилдаж байгааг харахыг тэсэн ядан хүлээж байгаагаа ярьжээ. Түүний хувьд хоёр орой тэмцээн үзэх тасалбар авсан байна.


Лондонд амьдардаг өөр нэг эмэгтэй өмнөх өдөр нь Хакүохотой уулзсан талаараа ярьжээ. “Тэрбээр маш сэтгэл татам хүн учраас өнөөдөр би түүнийг хамгийн ихээр дэмжиж байна” гэж бүсгүй нэмж хэллээ. Тэмцээн болж буй газрын тухайд, барилдааныг өөр өнцгөөс үзэх боломжийг олгож байгаа тул үзэхэд сонирхолтой байна хэмээн хүмүүс ярьсан байна.

 


Связанные новости