Мехико хот олон сая жуулчин хүлээн авахаар бэлтгэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МЕХИКО, 2025 оны тавдугаар сарын 8 /AFP/. Хөл бөмбөгийн 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ нээлтийн тоглолт болох Мехико хот тус тэмцээний үеэр таван сая гаруй жуулчин хүлээж авахаар бэлтгэж байна гэж хотын захиргаа лхагва гарагт мэдэгджээ.
Хөл бөмбөгийн хамгийн том тэмцээнийг түүхэнд анх удаа гурван улс буюу Мексик, АНУ, Канад зохион байгуулах юм. Тоглолтууд явагдах 16 хотын гурав нь Мексикийн хотууд бөгөөд эдгээр нь Мехикогоос гадна төвийн нутгийн Гвадалахара, хойд нутгийн аж үйлдвэрийн төв Монтеррей хотууд болой. Үлдсэн хотуудын 11 нь АНУ, хоёр нь Канадынх юм.
Мексикийн Засгийн газар болон хотын эрх баригчид “тэмцээнийг аюулгүй тайван явуулахын тулд хамтран ажиллаж байна” гэж Дотоод хэргийн сайд Роза Исела Родригес мэдэгджээ. Есөн сая орчим оршин суугчтай, далайн түвшнээс дээш 2200 м өндөрт орших Мехикод болох тоглолтуудыг үзэхээр таван сая гаруй хөгжөөн дэмжигч ирэх төлөвтэй байна гэж тэрбээр хэллээ.
Хөл бөмбөгийн
ДАШТ-ий финалын тоглолтыг хоёр удаа зохион байгуулж байсан “Ацтека” цэнгэлдэх
хүрээлэнг 2026 оны зургаадугаар сарын 11 хүртэлх хугацаанд шинэчлэн засварлана гэж зохион байгуулагчид мэдээлжээ. Энэ зорилгоор 100 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна
гэж цэнгэлдэх хүрээлэнгийн ерөнхий захирал Феликс Агирре ярилаа.
Үүний зэрэгцээ засварын
ажлыг санхүүжүүлсэн банкны нэрээр цэнгэлдэх хүрээлэнг өөрчлөн нэрлэсэн нь
маргаан дагуулсан байна. Харин Олон улсын хөл бөмбөгийн холбооноос /ФИФА/ тус цэнгэлдэхийг брэндингийн дүрмийн дагуу Мехико
хотын цэнгэлдэх хүрээлэн гэж нэрлэхийг үүрэг болгожээ.
Хотын
дарга Клара Бругада аюулгүй байдлын талаар хэлэхдээ,
40 мянган хяналтын камерыг шинээр байршуулснаар нийт камерын тоо 123 мянгад хүрнэ гэлээ. “Манай хот
Америк тив дэх камерын хамгийн хатуу хяналттай хот болно” гэж тэрбээр нэмж
хэлжээ.
Мөн ДАШТ-ийн үеэр ижил
хүйстнүүдийг үзэн ядах, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах болон бусдын эрх чөлөөнд халдах явдлыг гаргуулахгүй байхаар зохион байгуулахыг ФИФА уриалсан
байна. Цэнгэлдэх хүрээлэнгүүдэд хөгжөөн дэмжигчдийн зүгээс ижил хүйстнүүдийг доромжлон хашхирч байсан гэх асуудлаар Мехико хотын захиргаанд хэдэнтээ сануулга өгч байжээ.